
Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас "Аялал жуулчлал-ХХI зуун" үндэсний чуулганыг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа. Энэхүү чуулганыг БОАЖЯ, Аялал жуулчлалын үндэсний төв, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулсан юм.
Тус чуулганд төв, орон нутаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн 700 орчим төлөөлөгч оролцов. Чуулганыг Ерөнхий сайд С.Батболд нээж, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх талаар Засгийн газраас баримталж буй бодлого, цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг тодорхойлж, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар энэ чуулганаас санаачилга гарган хэлэлцэхийг хүссэн.
Тус салбарын тулгамдсан асуудлууд, цаашдын хөгжлийн чиг зорилт, оролцогч талуудын үүрэг оролцоог тодорхойлсон үндсэн илтгэлийг БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар тавьж хэлэлцүүлэв. Мөн УИХ-ын гишүүн, Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Ц.Баярсайхан болон холбогдох бусад яам, агентлагийн албаныхан оролцон, оролцогчдын санал бодлыг сонслоо. Чуулганы үеэр “Хүний хөгжил-хөдөлмөрийн зах зээл”, “Гадаад сурталчилгаа-маркетинг”, “Дэд бүтэц-хөрөнгө оруулалт” сэдвүүдээр гурван салбар хуралдаан болсон. Салбар хуралдаануудаар аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагыг дэлгэрэнгүй ярилцлаа.
Түүнчлэн аялал жуулчлалын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, салбарын гадаад сурталчилгааг эрчимжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх талаар төрийн болоод төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр тодорхой санал, шүүмжүүд гарган хэлэлцсэн.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ