
Монгол Улсын 18 хүртэлх насны бүх хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл мэндийн байдлыг үнэлэн эрүүлжүүлэх зорилгоор “Эрүүл хүүхэд” аяныг энэ сарын 19-ний өдрөөс орон даяар эхлүүлсэн юм. Тус аяны хүрээнд зохион байгуулж байгаа эрүүл мэндийн үзлэгт энэ сарын 23-ны өдрийн нэгдсэн мэдээгээр 20574 хүүхэд хамрагдаад байгаа аж.
Эрүүл хүүхэд аян хоёр үе шаттайгаар явагдах бөгөөд нэгдүгээр шат 03.19-05.30-ныг дуустал, хоёрдугаар шат 06.01-12.30-ныг хүртэл үргэлжлэнэ. Үзлэгийг 0-5, 5-11, 11-18 насны ангиллаар явуулан сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэгт эмч нарын баг ажиллаж үзлэг хийх юм.
Монгол улсын хүн амын 36 хувийг 18 хүртэлх насны хүүхдүүд эзэлдэг бөгөөд Эрүүл мэндийн статистикаар 10.000 хүүхдэд ноогдох өвчлөл нялхсын хувьд 48.5 хувь, 1-4 хүртлэх насанд 72.3 хувь, 5-15 насанд 126.7, 16-19 насанд 66.8 тохиолдож байна. Өсвөр насны хүүхдийн өвчлөлд амьсгал, хоол боловсруулах болон шээс бэлгийн тогтолцооны өвчин эмгэгүүд дийлэнх тохиолдлыг эзэлж, 10-19 насны хүүхдийн өвчлөл 65.1 нэмэгджээ.
Эрүүл хүүхэд аяны хүрээнд 18 нас хүртлэх насны бүх хүүхдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл мэндийн байдал, өсөлт хөгжилтийг үнэлнэ. Харин хоёр дахь үе шатаар хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн дагуу үзлэг оношилгоо, эрүүлжүүлэх арга хэмжээг авахаар төлөвлөжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ