
Сүхбаатарын талбайн урд талд “Open world” гэх сургалтын төв “Долдугаар сарын 1-нд Америкт байцгаая залуусаа” гэх тексттэй 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийг сануулсан агуулга бүхий самбар байршуулсан нь олон нийтийг ихэд ундууцууллаа.
Гадаадын их, дээд сургуульд оюутан сурагчдыг зуучилдаг чиг үүрэг бүхий энэ байгууллага Зар сурталчилгааны тухай хуулийн ерөнхий шаардлагад нийцээгүй, өөрийн үйл ажиллагааны чиглэлээс хазайсан сурталчилгааны самбар байрлуулсныг хүмүүс хэрхэн хүлээн авсныг хүргэж байна.
Ц.Батбаяр: Үүнийгээ цэгцлээч гэж Хотынхонд хэлсэн

УИХ-ын гишүүн
-2008 оны долдугаар сарын 1-н дахиж болно гэж уриалаад байгаа юм уу, монголчуудыг гадаадад амьдар гээд байгаа юм уу. Би энэ бүхнээ цэгцлээч гэж хотынхонд хэлсэн. Залуусыг ингэж турхирч болохгүй.
Ж.Нямдаваа: Оюуны өмчийн газар хяналт тавих ёстой

ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албаны дарга, хурандаа
-Чиг үүргийнхээ хувьд манай яамнаас энэ асуудалд хяналт тавьдаггүй. Ийм асуудалд Оюуны өмчийн газар хяналт тавих ёстой. Би өчигдөр Сүхбаатарын талбайн хажуугаар өнгөрөхдөө энэ самбарыг хараад гайхсан. Ийм зүйл байж болохгүй.
С.Нарангэрэл: Арга хэмжээ авах нь зүйтэй

-Би хараагүй. Ийм зүйл мэдээж байж болохгүй. Олон нийтийг юунд уриалан дуудаад байгаа юм бэ. Хяналт тавих үүрэг бүхий хүмүүс нь хурдан арга хэмжээ авах нь зүйтэй байх гэж бодож байна.
Э.Нарангарав: Олон нийтийг цочроосон сурталчилгаа байрлуулсанд гайхаж байна
Баянгол дүүргийн иргэн

-Зуучлалын товчоо хэрнээ үйл ажиллагааны чиг хандлагаасаа хазайсан, олон нийтийг цочроосон сурталчилгаа төв талбайд байрлуулсанд гайхаж байна. Иргэдийн дунд тэртэй тэргүй айдас байхад үүн дээр нь тоглож байгаа нь буруу.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ