
Нийслэлийн газрын албаны дарга Ц.Сандуй газар зохион байгуулалтын төв байгууллага болох BVVG-ийн урилгаар ХБНГУ-ын нийслэл Берлин хотод ажиллаад иржээ. Энэ үеэр хоёр байгууллагын удирдлагууд өөр өөрийн улсад газар зохион байгуулалтыг хэрхэн хийж байгаа тухай ярилцаж, туршлага судалсан байна.
ХБНГУ-д ажиллах үеэрээ Нийслэлийн газрын албаны дарга Ц.Сандуй хотын төвийн хэсгүүдэд давхар гараж, ил зогсоолуудыг хэрхэн шийдэж, зохион байгуулсантай танилцжээ. Берлин хотод жижиг хэмжээний газрыг ашиглан олон тооны автомашины багтаамжтай давхар зогсоолуудыг шийдэж өгч, замын хоёр чиглэлийн хооронд ил зогсоол байгуулж, зогсоолуудад цагийн хязгаар тавьж өгсөн байдаг байна. Түүнчлэн автобусны зам, явган хүний зам, дугуйн замыг тусд нь шийдэж өгсөн ба нүхэн гарц, давхар замуудаар замын хөдөлгөөний ачааллыг багасгаж өгчээ.

Мөн 30 орчим машин тавих зай, талбайд таван давхар гараж байгуулсан нь 600 машин зогсох багтаамжтай болжээ. Үүнээс гадна замын голд ил зогсоолуудыг шийдэж өгсөн нь Улаанбаатар хотод шууд хэрэгжүүлэхэд оновчтой шийдэл гэж үзсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ