Синга гэрлээр гоёсон хотын гудамж

img

Өдөр ирэх бүр өнгө нэмэн гялалзах Улаанбаатарын гудамж Азийн бар улсын технологиор гоёж эхэллээ. Хотын удирдлагаас Улаанбаатарын гэрэлтүүлэгт эргэлт гаргах шийдвэр гаргасны дагуу нийслэлийн төв гудамжуудыг Сингапур улсад үйлдвэрлэсэн гоёлын гэрлээр чимэх ажил үргэлжилсээр байна. Самбуугийн гудамжны төв зам болон явган замын иж бүрэн гэрэлтүүлэг, Сүхбаатарын талбайн 2 талын гэрэлтүүлгийг хийж дуусгасан. Монгол, сингапур инженерүүд Чингисийн өргөн чөлөөг ч гоёж дуусгалаа. Удахгүй Энхтайвны өргөн чөлөөг ийм гэрэлтүүлгээр гоёно. Энэ оны эхэнд хотын даргатай уулзсан Сингапур хотын төлөөлөгч Эдвард Танг мэргэжлийнхээ инженерүүдийг манай хотод илгээж судалгаа хийлгэсэн. Тэд хийсэн судалгаандаа үндэслэн Монгол орны онцлогт тохирсон гэрлэн чимэглэлийг манайхаас захиалсан үндэсний хэв загварт оруулан хийх ажилдаа шууд орсноор ийнхүү хотын хэд хэдэн гудамж гэрэлтэй болж хүмүүсийн сэтгэлд ч гэгээ нэмлээ. Сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох олон жилийн ашиглалттай, цахилгаан эрчим хүч бага зарцуулдаг лед гэрлээр хот цаашид ч гоёх бөгөөд зөвхөн энэ онд нийслэлийн долоон дүүрэгт 1710 гэрэлтүүлгийн ажилд 2,9 тэрбум төгрөг зарцууллаа.

А.Санчирмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ