Хотын дарга сангийнхаа түлхүүр атгагчидтай ярилцлаа

img

Нийслэлийн сангийнхан жил жилийн эхэнд уулзаж энэ жил хэдэн төгрөгөөр, хэрхэн ажиллахаа, яаж зарцуулж, ажил үйлсийг зохицуулахаа ярилцдаг уламжлалтай. Харин энэ удаа жилийн эцэст цугларлаа. Өөрөөр хэлбэл бэлэн төсвийг яаж зарах тухай биш ирэх жилийнхээ төсөл, төсвийг Иргэдийн төлөөлөгчдийнхөө хурлаар хэлэлцүүлэхдээ юуг илүү анхаарах вэ гэдэгт анхаарлаа хандууллаа. Нийслэлийн жилийн төсвийн хэрэгцээ 798 тэрбум төгрөг. Хот жилдээ өдий хэмжээний сантай бол ямарч байсан барих гэсэн замаа бариад, иргэдийнхээ тав тухтай байх боломжийг нь хангаад байх нь.

Гэтэл одоо үүний 10 хувь буюу 78 тэрбум төгрөг хотын жилийн төсөв. Энэ л хэмжээнд ажиллахаас өөр аргагүй. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сангийн яамтай хамтран зохион байгуулсан “Нийслэл, дүүргийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2010 оны төсвийн гүйцэтгэлийн болон санхүүгийн нэгтгэсэн тайлан гаргах, 2011 оны төсвийн төсөл, төсвийг хэлэлцүүлэхэд анхаарах асуудлууд” сэдэвт сургалтанд оролцогчид дээрх төсвийг хууль эрхийн хүрээнд хэрхэн ариг гамтай зарцуулах талаар номын дуу сонслоо. Сургалтыг нээж хэлсэн үгэндээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр ирэх жил хотод хамгийн их төсөв шаардаж хийх ажлуудаа дурьдсан юм. Тэрбээр Сүхбаатар дүүргийн нутаг Ногоон нуур орчим 854 яндан бий. Энэ нь тийм тооны айл байгаа гэсэн үг. Тиймээс тэдгээр өрхүүдийн газрыг чөлөөлүүлэх, шугам сүлжээ, хямд өртөгтэй орон сууц барих ажлыг бид хийнэ. Магадгүй санхүүгийн чадамжаас хамаараад бүрэн биш юм гэхэд ямарч байсан талыг нь хийнэ. Хот төсвийнхөө 20 хувийг ногоон байгууламж барих, сэргээх, шинэчлэх ажилд зарцуулах бол долоон дүүрэгт иж бүрэн усан бассейн бий болно. Сэлбэ, Дунд голыг сэргээж, Туулыг хамгаалалтанд авна. Шинээр байгуулах 20 хороонд цогцолбор барина.

Хэсгийн ахлагчдыг сар бүр 108000 төгрөгөөр цалинжуулна. Улаанбаатарын хороодод 1069 хэсгийн ахлагч ажилладаг. Төрийн алба, бодлого шийдвэрийг иргэдэд хамгийн ойрхон байж хүргэж, төр иргэнийг холбож байдаг тэдгээр хүмүүсийг бид дэмжих учиртай. Тиймээс улиралд 50 мянган төгрөгийн цалинтай байсныг нь өнгөрсөн жил 108000 болгосон бол ирэх оноос сар бүр ийм болгоно хэмээн танилцууллаа. Мөн хотын гэрэлтүүлэг, орчны цэвэрлэгээ, гудамж, талбайн үйлчлэгч нарын цалинг нэмэхэд ч гар татахгүй гэдгээ мэдэгдсэн. Ийнхүү ирэх жилийнхээ гол ажлуудаа нэрлэсэн хотын дарга тэдэнд ингэж тэгж ажилла гэж зааварласангүй. Зааварлах ажлыг нь сургалт семинарийг зохион байгуулагчдад үлдээгээд та нар эдгээр ажлыг хийхэд гар татахгүй шүү гэж анхаарууллаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ