Хүүхэд зоддог Монгол
Монголчууд өнгөрөгч амралтын өдрүүдэд уламжлал ёсоор инээдмийн баяраа тэмдэглэн өнгөрүүлэв. Сонин телевиз сайтууд ч хошиг шог, элэглэл, дуу хуураар амьсгалсан юм.
Яг энэ өдөртэй зэрэгцэн дэлхий дахинд хүүхдийн хүчирхийллийг нийгмээрээ үл тэвчих, хүүхдийн бие махбодь, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор ”Хүүхдийг зодож шийтгэхгүй байя” олон улсын өдрийг тэмдэглэлээ.
Дэлхийн олон оронд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, тэднийг хэрхэн хүмүүжүүлдэг тухайгаа эрэгцүүлэн, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг хүн бүрт уриалдаг байна. Гэтэл монголчууд гуравдугаар сарын 30-ны өдрийг тэс өөрөөр угтаж үдэв.
Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг олон арван байгууллага ч таг чиг. Хэн ч юу ч дуугарсангүй. Бүр ч эсрэгээр энэ өдөр томчууд хүүхдийнхээ эрхийг хамгаалах нь бүү хэл зодож шийтгэж, загнаж зандарсан тухай баримт дэлгэвэл урт дараалал хөвөрнө. Хамгийн ойрын мэдээллээс иш татахад наймхан настай бяцхан охин ээждээ зодуулан хүнд гэмтсэн дүрс бичлэг сайтуудаар цацагдаж олныг сэртхийлгэсэн. Энгэрт нь эрхэлж өссөн бяцхан охин эхийнхээ балмад авирын золиос болж гэмтсэн тохиолдлын нэг. Олон нийтэд ил болсон баримтуудын нэг энэ.
Түүнээс гадна хэдэн зуун хүүхэд өдөр бүр эцэг эх, багш нарынхаа дарамтад амьдарч буйг хэлж мэдэхгүй. Дээрх баримтаас харахад монголд хүүхдийг зодож шийтгэх явдал нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хэвээр. Энэ нь гэр бүлд төдийгүй албан ёсоор хориглосон газар болох сургууль, цэцэрлэгт ч амь бөхтэй оршиж буй. Тухайлбал Багануур дүүргийн 138-р цэцэрлэгийн харьяа Төмөр зам дахь гэр цэцэрлэгийн багш 45 настай Э өнгөрөгч 2011 оны арванхоёрдугаар сард ангийнхаа хүмүүжигч дөрвөн настай бяцхан хүүг зодож гэмтээсэн тухай баримт бий. Эх сурвалжийн мэдээллээр тухайн өдөр багшдаа зодуулсан хүүг эмээ нь цэцэрлэгт нь хүргэж өгчээ.
Харин орой нь ирж авахад хүүгийн нүүрний баруун талын чамархайн хэсэгт хөхөрч, бие нь халуурсан байдалтай угтсан байна. Тиймээс хүүгийн эмээ учир байдлыг багш нарт нь хэлтэл “Та нар хүүхдээ өөрсдөө зодсон юм биш үү” хэмээн хэргээс зугтахыг оролджээ. Хохирогч хүүгийн эцэг эх ч харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаснаар хэргийг шалгаж эхэлсэн юм. Уг хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч хэргийн эзэн хэнгэрэгийн тохиур Э багштай утсаар ярьтал “Би хүүхэд зодоогүй. Та нар чаддаг юм бол намайг байгаа газраас минь ирээд баривчил” хэмээн согтуу агсарчээ. Төд удалгүй мэдүүлэг өгөх явцдаа Э багш хүүг зодсоноо хүлээсэн байдаг. Энэ мэт баримтуудыг тоочвол олон бий.
Монголд хүүхдийн нэрээр үйл ажиллагаа явуулж буй олон байгууллагын гишүүд “Гэр бүл болон хүүхдийн халамж, асрамжийн үйлчилгээний тогтолцоо зэрэг бүх орчинд бие махбодийн шийтгэлийн аль ч хэлбэрийг хүүхдийн хүмүүжлийн арга болгож хэрэглэх явдлыг зогсоох хэрэгтэй” хэмээн байнга ярьдаг ч ажил болж хэрэгжсэн нь тун ховор. Өндөр хөгжилтэй орнуудад бол эцэг эх нь хүүхдээ зодсон тохиолдолд шууд цагдаагийн газарт хүргэгдэнэ. Энэхүү хууль зөрчсөн үйлдэл нь давтагдвал эцэг эх байх эрх нь хасагдах хүртэл арга хэмжээ тооцогддог.
Харин монголчууд бол “Аав ээжийнхээ алганы амтыг үзэхгүй хаа явах вэ” гэж буруугаа зөвтгөдөг зуршил нийгэмд давамгайлдаг учраас хүүхдээ зодох нь нэг том асуудал болж хувирдаггүй. Хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж буйг ч тэр бүр анзаардаггүй. Наад зах нь хүүхдийг бие махбодын хувьд шийтгэх нь хүчирхийлэл гарах эрсдлийг дагуулдаг. Үүнээс болж бие махбодь гэмтээд зогсохгүй эцэг эх, хүүхдийн хоорондох итгэлцлийг үгүй хийж байна. Түүгээр ч зогсохгүй зан суртахууныг сайжруулахаасаа илүү харин ч дордуулдаг нь олон баримтаар нотлогдсон юм.
Улмаар хүүхэд худлаа хэлэх, хулгай хийх, заль мэх зохиох, дүү эсвэл найз нараа дээрэлхэх, зодох муу авиртай болж энэ бүх муу зүйлийг хийж байгаадаа гэмшихээ ч больдог байна. Хүүхдийг зодож шийтгэх нь тэднийг хүчирхийлэгч болгох аюултай. Өөрөөсөө жижиг, эсвэл сул дорой нэгнийг зодож, дээрэлхэж болдог юм байна гэсэн ойлголтыг хүүхдэд суулгаж байна. Хүүхдүүд ихэвчлэн илүү их анхаарал, эсвэл хоол хүнс, унтах, үгүй бол илүү ихийг нээж, судалж, мэдэх гэснийхээ төлөө буруу зүйл хийлээ гэж томчуудаар загнуулж, шийтгүүлэхэд хүрдэг.
Хүүхдийг зодож шийтгэснээр томчууд, эцэг эх, асран халамжлагчид тэднийг хүмүүжүүлэх чухал боломжоо алдаж байна гэсэн үг. Хэдийгээр бяцхан үрсээ цохиж зодох нь тэдний буруу үйлдлийг тухайн үедээ зогсоож болох ч тэдэнд учирлаж, тайлбарлаж, ярьж ойлгуулах нь зодсоноос илүү үр дүнтэй бөгөөд гарч болох хор уршигаас сэргийлж болно.
Тиймээс бид хүүхдүүдээ эерэг аргаар хүмүүжлэхэд гэр бүл болон хүүхдийн халамж, асрамжийн үйлчилгээний тогтолцоо зэрэг бүх орчинд бие махбодийн шийтгэлийн аль ч хэлбэрийг нэн даруй таслан зогсоох хэрэгтэй байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ