Д. Сайханбилэг: БНСУ-д дөнгөж төрөөд ээждээ гологдсон хүүхдийн асуудлыг судалж байгаа
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газрын Хүүхдийн эрх, хамгааллын хэлтсийн дарга Д. Сайханбилэгтэй ярилцлаа.
-Хүүхдийн эрхийн асуудлаар үйл ажиллагаа явуулдаг төр хувийн хэвшлийн хамтарсан зөвлөгөөн, өдөрлөг энэ өдрүүдэд болж байна. Энэхүү хамтарсан уулзалт, зөвлөгөөнөөс гарах үр дүнг дүгнэвэл?
-Монголын хүүхдийн ордонд өчигдөр “Хүүхэд насыг хайрлая” VI зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд хүүхдийг хамгаалах урьдчилан сэргийлэх чиглэлээр юу хийсэн, хийж байгаа ажлынхаа үр дүнг олон нийтэд тайлагналаа. Хүүхэд бүрийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, олон нийтийн санаачилгын хүрээнд цаашдаа юу хийх вэ гэдэг чиглэлийг гаргасан. Энэ удаагийн зөвөлгөөнд нийтдээ 52 байгууллага хамрагдлаа. Засгийн газрын бодлого хөтөлбөрийг дэмжиж тодорхойлж байгаа төрийн захиргааны төв байгуулллагууд нэгдэж байна.
НХХЯ, ЭМЯ, БСШУ, ЗТБХБЯ, ХЗДХЯ, болон таван яамны төрийн нарийн бичгийн дарга нар зөвлөгөөнд оролцсон. Энэ сарын 1-нд Найрамдал зусланд “”Инээж буй хүүхэд” чуулганыг зохион байгуулж, 21 аймгаас ирсэн 300 орчим хүүхдүүд орон нутгаас нь хүүхэд хамгааллан асуудлаар ямар ажил санаачилж хийж байгаа гэдгээ тайлагнаж, цаашдаа юу хийх вэ гэдгээ тодорхойлсон.
Уулзалт зөвлөгөөний дүнд дээрх таван яамны сайд нарт хандан цаашдын бодлого чиглэлдээ хүүхэд хамгааллын асуудлуудыг тусгаач ээ гэдэг саналаа гардуулж өгөх юм. Учир нь хүүхэд хамгааллын асуудал нь дан ганц хүүхдийн байгууллагын хариуцах асуудал биш. Нийт төрийн захиргааны бүх байгууллагын үйл ажиллаганы нэгдсэн нэг чиглэл байх ёстой. Тэр дундаа эцэг эхчүүд энэ асуудалд хамгийн их үүрэг гүйцэтгэх ёстой. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэ асуудлыг эцэг эхчүүдэд ойлгуулахыг хичээж ажилласны үр дүнд олон нийтийн ойлголт, хэвлэл мэдээллийн байгууллагын ханлдлага ч бас өөрчлөгдсөн гэж бодож байна.
Энд хүүхэд гуйлга гуйж байна, хаягдсан байна, танай хүүхдийн байгууллага юу хийж банйа гэсэн хандлага олно нийтэд бий. Гэхдээ өнөөдөр монголын хүүхэд нэг сая хүрч байна гэсэн статитистик тооцоо байна. Эцэг эхчүүд хүүхдээ эрүүл саруул өсгөх, хэрэгцээг нь хангах, хөгжих сурах эрхийг нь бүрдүүлэх үүргийг хуулиар хүлээсэн байдаг. Хүүхэд аль нэг боловсролын байгууллагын орчинд, гудамж талбайд танихгүй хүнд хүчирхийлэлд өртөхөөсөө илүүтэй гэр бүлийн орчинд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа. Хүүхдийн эрхийг хамгийн их зөрчдөг хүмүүс бол эцэг эхчүүд. Энэ чиглэлээр эцэг эхчүүдэд хандсан ажлууд нилээдгүй хийгдэж байна.
-Хүүхдийн эрх гэр бүлийн орчинд хамгийн ихээр зөрчигдөж байна гэлээ. Тиймээс хүүхдээ өсгөж тэжээж, сурах боломжоор хангаж чадахгүй байгаа эцэг эхчүүдэд ямар хариуцлага тооцох вэ? Хүүхдээ сургууль, цэцэрлэгт явуулах боломжгүй байгаа эцэг эхчүүдэд хандсан ямар бодлогыг баримталж байна.
-Үнэхээр эцэг эхчүүдэд чиглэсэн нэгдсэн бодлого, тогтолцоо монгол улсад үнэхээр үгүйлэгдэж байгаа. Тиймээс хүүхдийнхээ эрхийг зөрчсөн аав ээж нарт түр болон бүрмөсөн эцэг эх байх эрхийг нь хасах тогтолцоо одоогийн үйлчилж байгаа хуулийн хүрээнд мөрдөгдөж байна. Эцэг эх байх эрхийг хасахаас өөрөөр эцэг эхчүүдийг дэмжсэн бодлого алга. Зарим нь санаатай хүүхдийнхээ эрхийг зөрчдөг бол зарим нь энэ талаар мэдлэг мэдээлэлгүйгээсээн ийм байдалд ордог.
Тиймээс хүүхдийнхээ сурах эрх, хамгаалуулах эрхийг мэдэхгүй аав ээж нарыг сургалтад хамруулах, эцсийн шатанд албадан сургалт, захиргааны арга хэмжээ авах, хамгийн сүүлд нь эцэг эх байх эрхийг нь хасах зэрэг үе шаттай байх ёстой. Гэтэл одоогийн үйлчилж буй хуулинд тийм зүйл заалт байхгүй. Өнөөдөр монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой нийгмийн харилцааны суурь болох гурван хууль байдаг. Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль.
Эдгээр хуулиудад энэ онд нэгэн зэрэг шинэчилсэн найруулга хийгдэж байгаа. Энэ нь нэг хуулийн үзэл санаа нөгөө хуулиар баталгааждаг байдлаар боловсруулагдана. Гэр бүлийг хүчирхийллээс сэргийлэх тухай хууль УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон. Энэ хуулийн шинэчилсэн найруулагад хүүхэд гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртөж байгаа тохиолдолд захиргааны хариуцлага тооцох асуудлыг хуульчлах анхны оролдлого юм. Одоо олон нийтэд танилцуулах, хуулийн төслийн үзэл баимтлалаа батлуулах ажлууд бидний өмнө хүлээгдэж байна.
-Гадаадад байгаа монгол хүүхдийн эрхийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна. Өнгөрсөн онд Швед улсад хууль бусаар амьдарч байгаа хүүхүүдийн асуудал нэг хэсэг яригдаад сураг алдарлаа. Саяхан буюу өнгөрөгч гуравдугаар сард БНСУ-д дөнгөж төрөөд ээждээ хаягдсан хүүгийн талаарх мэдээлэл гарч байна. Эдгээр хүүхдүүдийн асуудлыг яаж шийдэх вэ?
-Швед улсад хууль бусаар насанд хүрээгүй таван хүүхэд оршин сууж байгаа гэсэн уг мэдээлэл манай Гадаад хэргийн яам, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газар, тус улсад суугаа МУ-ын Элчин сайдын яамаар ч дамжиж ирээгүй. Харин тус улсын Цагаачлалын албанаас манай байгууллагад хандсан мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу шалгахад тэдгээр таван хүүхдийн гурав нь Иргэний бүртгэлийн төрсний гэрчилгээтэй. Иргэний бүртгэлээс лавлагаа авахад нэг хүүхдийнх нь мэдээлэл олдсон.
Хамгийн гол нь төрсний гэрчилгээтэй хүүхдийн мэдээлэл нь Архивын мэдээлэл болон Цахим мэдээлийн санд байхгүй байна хариу өгсөн. Уг хариуг үндэслэн хуурамч бичиг баримтаар хил давсан асуудал гарч ирлээ хэмээн ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасагт шилжүүлсэн. Гэтэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтээ Прокуророын газарт хүргүүлсэн баримтыг бид олж авсан.
Бид уг асуудлаар тэнд амьдарч байгаа хүүхдүүдэд хамгийн их санаа тавих үүрэгтэй хүмүүс болох Швед дэх монголын элчин сайдын яаманд хандан маш олон удаа хүсэлт илгээсэн. Бидэнтэй холбогдсон хүний гар утас, и-мэйл хаяг, холбогдох хая болон ирсэн захидлыг нь орчуулаад, УБЕГ-аас авсан лавлагааг хавсаргаад явуулсан. Харамсалтай нь одоо болтол Швед дэх МУ-ын Элчин сайдын яам тэдгээр хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудалд санаа тавихгүй байна.
Уг нь улс орноо төлөөлөн гадны улс оронд төлөөлөн сууж буй Элчин сайд гэдэг тухайн улс оронд амьдарч байгаа иргэдийнхээ мэдээллийн санг бий болгон ажиллах, хамгаалах чиг үүрэг нь тэдэнд байгаа гэж бодсон ч харамсалтай нь үгүй бололтой. Одоо болтол Швеэдэд байгаа МУ-ын Элчин сайдын яамнаас ямар ч хариу ирээгүй байна.
-Солонгост байгаа хүүхдийн асуудлыг яах вэ?
- БНСУ-д дөнгөж төрөөд зочид буудлын өрөөнд ээждээ гологдсон хүүхдийн тухай мэдээллийн дагуу бид судалж байгаа. Монгол улс хоёрдмол иргэншлийн асуудлыг хүлээн зөвшөөрдөггүй хуультай. Одоогоор тэр хүүхэд монгол улсын иргэнээр бүртгэгдээгүй байна. Ийм тохиолдолд яаж ажиллах ёстой гэдгээ ч тогтоогүй байна. Үнэхээр энэ чиглэлээр ажиллаж байсан туршлага бидэнд алга. Ямартаа ч хилийн чанад дахь хүүхэд хамгааллын асуудлаар МУ-ын засгийн газар, төрийн захиргааны байгууллагууд хэрхэн яаж хамтарч ажиллах тухай, хууль эрх зүйн болоод практик байдаггүй юм байна.
Энэ бол үнэхээр анхаарал татсан асуудал. 2010 оны хүн ам орон сууцны тооллогоор гадаадад амьдарч байгаа иргэдийн мэдээллийн сан Гадаад хэргийн яаман дээр бүрдсэн. Энэ бүртгэлийг үндэслэн ЗГХА-Хүүхдийн төлөө газар, Хил хамгаалах ерөнхий газар, УБЕГ, ГХЯ, ГИХАГ-ууд хамтран хэрхэн яаж төрийн байгууллагууд хамтран ажиллах вэ гэсэн дугуй ширээний ярилцлага тун удахгүй зохион байгуулна.
Ер нь Монгол улсад гэхээсээ илүүтэй хилийн чанадад эрх нь зөрчигдөж буй хүүхдүүд илүү хүнд байдалд байгаа. Өөрт тулгарсан бэрхшээлээ яаж шийдэх, хаана хандах, хэлний бэрхшээлийг даван туулах, хууль хяналтын болон тусламж үзүүлэх байгууллагууд хаана байдаг талаар мэдээлэлгүй байна. Энэ нь тухайн орны хууль ямар байдлаар тэр хүүхдэд үйлчлэх талаар ч ямар нэгэн ойлголт байхгүй. Энэ тохиолдолд БНСУ-ын хууль хаягдсан хүүхдийн асуудлыг хэрхэн яаж шийддэг вэ гэдгийг хуулийн хүрээнд судалж байна.
-Хүүхдийг эх оронд нь авчирсан тохиолдолд дараа нь яах вэ?
- Хэрвээ тэр хүүхдийг тус улсад суугаа МУ-ын Элчин сайдын яамтай хамтраад авчирсан тохиолдолд Монголын төр халамжиндаа авна. Тодруулбал, 0-2 хүртэлх насандаа ЭМЯ-ны харъяа Нялхасын клиник сувилалд, 2-5 хүртэлх насандаа манай Хүүхдийн төлөө газрын харъяа 58 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэх боломж бүрэн байгаа. Магадгүй хүүхдийг өргөж авах чин хүсэлтэй хүн гарч ирвэл өргүүлэх ч боломжтой. Түүнчлэн Шведэд байгаа хүүхдүүдийн хувьд ч МУ-ын Засгийн газар 18 нас хүртэл нь халамжиндаа авах боломж бүрэн байна гэдгээ тус улсын Цагаачлалын албанд албан ёсоор хандсан байгаа.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ