Таксины зогсоолыг ашиглалтад хүлээн авлаа
Улаанбаатар хотод такси үйлчилгээ анх 1954 онд бий болсон түүхтэй. Такси үйлчилгээ 1990-ээд оны сүүлчээр өмч хувьчлалын нэрийн дор үгүй болж 2000 оноос дахин сэргэсэн бөгөөд 2003 онд таксийн тоо дээд цэгтээ хүрч 61 байгууллагын 3960 тээврийн хэрэгсэл буюу нийслэл хотын 1000 хүн тутамд 3-4 такси ноогдон, дэлхийн хөгжингүй орнуудын хэмжээнд хүрч байсан байх юм.
Одоогийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд 10 аж ахуйн нэгжийн 500 такси үйлчилж байна. Харин таксины зогсоол бол цоо шинэ ажил бөгөөд нийслэлийн хөрөнгө оруулалтаар энэ жил 10 зогсоолыг барьж эхнээс нь хүлээн авч ашиглаж байна. Тухайлбал 3,4-р хорооллын эцэс буюу автобусны буудлын яг дэргэд иргэд зорчигчид таксинд суух боломжийг бүрдүүлэн шинээр таксины зогсоол барьж өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа.
Нийслэлийн Нийтийн тээврийн газрынхан болон тус зогсоолыг хариуцан харж хандаж, иргэдэд үйлчилж байхаар “УБ такси трансорт” компанийхан өнөөдөр албан ёсоор нээлт хийлээ. Өмнө нь томоохон орон сууцны хорооллууд, үйлчилгээний төвүүдийн орчмоос иргэд машинд гарч өргөж, такси барьж бараг заншаад байсан нэлээд эрэлттэй цэгүүдэд ийнхүү албан ёсны таксины зогсоолыг иж бүрнээр нь барьж байгуулсан болохоор зорчигчид болон тээвэрчдэд таатай нөхцөл бүрдүүлж өгч байна.
Нэг үеийн бодвол дахин сэргэж, өргөжиж байгаа нийтийн тээврийн нэг төрөл такси үйлчилгээ нь иргэдийн ая тухтай найдвартай зорчих баталгааг хангахад шинээр байгуулагдсан зориулалтын зогсоолууд үр дүнгээ өгнө гэж нийтийн тээврийнхэн төдийгүй ард иргэд найдаж байна.
Нийслэлд таксийн зогсоолуудыг барьж байгуулж байна
Нийслэлд нийтийн тээврийн таксийн үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд улам ойртуулах, аюулгүй осолгүй, тав тухтай байдлыг хангах, улмаар машин бүр такси биш харин олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг бий болгохыг цаг үе шаардаж байна. Нийслэл хотод өрнөж байгаа 2011 оны бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Нийтийн тээврийн газраас таксийн зогсоолыг иж бүрэн тохижуулах ажлыг хийлээ. Нийслэлийн Засаг даргын 423 дугаар захирамжаар нийслэлийн төсвөөс 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт 10 таксийн зогсоолыг барьж байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Баянзүрх дүүрэгт 3, Баянгол дүүрэгт 2, Чингэлтэй дүүрэгт 2, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдэд тус бүр нэг таксийн зогсоолыг барьж байгуулж байна. Тухайлбал 3,4-р хорооллын эцэст “Дүүхээ” төвийн хажууд, мөн 10-р хорооллын автобусны буудлын ард, Барилгачдын талбайн урд талд, “Судалт” төвийн автобусны зогсоолын хойд талд зэрэг 6 дүүргийн нутаг дахь 10 цэгт таксийн зогсоол баригдаж эхнээс нь ашиглалтанд хүлээн авч байна.
2011 онд шинээр байгуулагдсан таксийн зогсоолууд
- Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10-р хороололд 2 Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хорооллын эцэст
- Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бөмбөгөр
- Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Барилгачдын талбайн урд
- Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 32-ын тойрог
- Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туннель
- Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 16-р хорооллын автобусны буудал
- Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Сансарын ШТС
- Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 21-р хороолол
- Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Их хуралдай
СЭТГЭГДЭЛ БИЧИХ