
Албаны эх сурвалжууд мэдээлэл өгөхгүй байсан ч, гадаад, дотоодын хэвлэлүүдийн хуудаснаа гарч байсанчлан Германы “BBM Operta” групп Тавантолгойн Зүүн Цанхийн “Эрдэнэс Тавантолгой уурхайгаас олборлолт хийх эрхийг авсан нь баталгаажиж, улмаар Тавантолгой тойрсон дөрвөн тендерийн хоёр нь ийн шийдвэрлэгдлээ. “Reuters”, “Bloomberg”, “NASDAQ”, “Perth Now” гэхчлэн мэдээллийн хэрэгслүүд “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Энэбиш ингэж мэдэгдсэн гэх агуулгатай мэдээллийг цацаж байхад амаа үдүүлсэн мэт дуугүй суусан Б.Энэбиш дарга өчигдөр ThyssenKrupp, SMS Siemag, FAM, Uhde, Siemens, Alpine, RAG зэрэг компаниудаас, мөн Засгийн газрын мэдлийн Германы Бүтээн босголтын банк зэргээс бүрдсэн ББМ Оперта группийн Ерөнхийлөгч Вольфган Петерстай зэрэгцэн суугаад гэрээг үзэглэв.
Анхаарал татаж байгаа нэг зүйл нь Австралийн “Macmahon Holdings”, Германы “BBM Operta” групп хоёр шалгарсан гэх мэдээлэл өнгөрсөн хугацаанд гарч байсан. Харин гэрээг үзэглэсэнтэй зэрэгцэн харахад “Macmahon Holdings”-ыг бүрмөсөн жийв үү яав гэдэг асуудал бий. Тус компанийн Гүйцэтгэх захирал Nick Bowen Тавантолгойн тендерт ялсанаа зарлаж, өсч дэвжиж буй уул уурхайн бүс нутагт удаан хугацааны бизнес эрхлэх суурийг бидний ялалт тавьж өглөө хэмээн ярьж байснаас тэс өөр дүн гарч Монгол, Германы тал гэрээг үзэглэлээ. Австрали буюу гурав дахь талтай Монголчууд хоёр талын гэрээ байгуулах уу гэх асуулт гарч байгаа ч, одоогоор албаны ямар ч эх сурвалж үүн дээр тайлбар хийгээгүй байна.
Тэгэхээр ашигт малтмалтай холбоотой том төслүүдийг шийдвэрлэхдээ Монголын Засгийн газар зөвхөн эдийн засгийн агуулгаар хандахгүй байгаа нь энэмэтчилэн үр дүнгээр илэрч буй гэж харах нь нэг өнцөг мөн болоод байна. Германы ач холбогдлыг илүүд үзсэн Монгол Улсын Засгийн Газарт гологдсон байх өндөр магадлалтай Австралийн тал Япон, Солонгосын талууд шиг гомдол мэдүүлэх эсэх нь тодорхойгүй ч, шалгуурыг хамгийн сайн хангасан гэдэг нь анхнаасаа яригдаж байсан билээ.
Тэрчлэн өдгөө ялалт байгуулаад байгаа Германы тал ТӨХ-ны шалгуурыг хангахгүй байв. Учир нь ил ил уурхай ашиглах туршлагаараа өрсөлдөгч талуудынхаа хэмжээнд хүрэхгүй. Төдийлөн туршлагатай биш байна гэж үзээд байсан. Харин Лейтоныг хасан байж тус компанийн тодорхой хувийг эзэмшдэг Макмохан гэж компанийг оруулж ирэхдээ Германы компанитай харьцуулахаар хамаагүй туршлагатай гэж тодотгож байв. Гэсэн ч үр дүн дээрх байдлаар гарлаа.
Харин одоо Тавантолгой ордын Цанхийн баруун хэсэг дэх стратегийн хөрөнгө оруулагчийн тендерийн ажлын явж анхаарал татсан өдрүүд үргэлжилж байна. Ялагч нь тодорсон гэх мэдээллийг Засгийн газраас өгч байснаараа энэ тендер бусдаасаа ялгарна. Мөн одоо ч ялгарсан хэвээр. Гологдсон Япон, Солонгосчуудыг Тавантолгойн хэлэлцээрт дахин оруулсан, хэлэлцээр шинэ төвшинд дахин яригдаж эхлэх тухай мөн л гадны хэвлэлд бичиж эхэллээ. “Wall Street Journal” энэ тухай хөндөж байна. Албаны эх сурвалжууд дотоодын хэвлэлийнхэнд мэдээлэл өгдөггүй ч, гадныханд гаргачихдаг гэмтэй. Мөн Япон, Солонгосчууд ч өөрсдөө ийм мэдээллийг цацаж байх магадлалтай.
Ямартай ч улстөрчдийн шийдвэрийн дагуу тендерээс хасагдсан Япон, Солонгосын консорциумууд өөрийн улсын төр засгийн эрхмүүдийнх нь зүгээс дахин хүсэлт гаргасны дагуу ба Монголын улстөрчдийн шийдвэрээр дахин эргэж ирж байна.
Э.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ