
МҮБХ-ноос сүүлийн жилүүдэд зохион байгуулж байгаа "Дөрвөн уулын хишиг" барилдаан олны талархлыг хүлээж, бөх сонирхогчдын шимтэн үздэг онцлог барилдааны нэг болсон. Энэ намрын анхны хишиг барилдаан ирэх ням гарагт 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох гэж байна.
Чансаа, цар хүрээгээрээ цагаан сарын барилдаантай дүйцдэг дөрвөн уулын хишиг барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх хүч бяраа сорин барилддаг уламжлалтай.
Тав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа "Богдхан хайрханы хишиг" барилдаанд
2007 онд у.з М.Өсөхбаяр начин цолтойдоо түрүүлж, у.н Ш.Жаргалсайхан а.а цолтой үзүүрлэсэн.
2008 онд даян аварга Г.Өсөхбаяр түрүүлж, у.а Д.Азжаргал үзүүрлэсэн
2009 онд у.з М.Өсөхбаяр дахин түрүүлж, у.г Н.Ганбаатар үзүүрлэсэн
2010 онд у.н Э.Энхбат түрүүлж, у.г М.Баяржавхлан улсын заан цолтой үзүүрлэсэн
Ингээд харахад энэ барилдаанд Булган аймгийн харъяат бөхчүүд илүү сайн барилдаж дөрвөн түрүүний гурвыг нь авчээ. Ирэх ням гаригт болох энэ намрын анхны хишиг барилдаанаар 2 азтай үзэгч хагас сая буюу 500 мянган төгрөг гардаж, бас дахин хоёр азтан 50,000 төгрөгийн эзэн болох юм.
Энэхүү барилдааныг МҮБХ, Хан-Уул дүүргийн ИТХ хамтран зохион байгуулж байгаа бол санхүүгийн дэмжигчээр үндэсний тэргүүлэгч компани "АПУ" ажиллаж байгаа. Эрхэм үзэгч та бүхнийг бөхийн өргөөндөө хүрэлцэн ирж барилдаанаа дэргэдээс нь үзэж онцгой цэнгэл эдлэхийн зэрэгцээ азаа үзэх сайхан боломж хүлээж байна.
А.Алтанчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ