
Хаврын улирлын салхи шуурга, хуурайшилтын зэрэглэл аюултай түвшинд хүрснээс ой, хээрийн түймэр ихсэх хандлагатай байгаа бөгөөд он гарсаар улсын хэмжээнд 44 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгийн нутагт 5 түймэр асч, Булган, Завхан, Хөвсгөл аймгийн нутагт гурван түймэр цурманд байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын гуравдугаар багийн нутагт, тус сумын “Өндөр цахир”-т гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна. Мөн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутагт гарсан ойн түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын болон , ОБЕГ-ын Аврах тусгай ангийн Ой, хээрийн түймэртэй тэмцэх салбарын бүлэг, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 81 дүгээр ангийн албан хаагчид, орон нутгийн иргэд нийт-147 хүн автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Мөн тус аймгийн Сэлэнгэ сумын дөрөвдүгээр багийн нутаг, “Зүүн тарвагатай гол”, “Сангастай уул” гэдэг газар гарсан ойн түймрийг унтраахаар Булган аймгийн Онцгой байдлын газрын болон Дархан-Уул, Орхон Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэд нийт-145 хүн автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг, “Ар хөндий” гэдэг газар, хилийн 598-600 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын талаас 5 км-ийн өргөн, 10 км-ийн гүнтэй хээрийн түймэр орж ирсэнийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид орон нутгийн иргэд нийт-46 хүн автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Харин Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн нутагт гарсан ойн түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Завхан аймгийн Баянтэс сумын “Зайгал” багийн нутагт гарсан ойн түймрийг цурманд оруулжээ. Мөн Хөвсгөл аймгийн Ханх сумын 2-р багийн нутагт гарсан ойн түймрийг аймгийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид, орон нутгийн иргэд цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Иймд салхи шуургатай хаврын энэ үед иргэд түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, үнс, нурмыг бүрэн унтраах, түймэрт өртөж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, машин, техникийн утааны янданг оч баригчтай болгох шаартлагатай. Мөн гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийг эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах, түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж гал алдахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ