Фосфоритын ордын өрөмдлөг хуульд нийцэж байгаа эсэхийг судална

img

УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг 2011 оны намрын чуулганы завсарлагаанаар тойрогтоо 3 удаа очиж 20 гаруй суманд ажиллаж, 2008-2012 оны чуулганы хугацаанд УИХ-аар баталсан хууль тогтоомжуудаас багцлан хөдөө, орон нутгийнханд илүүтэй хамааралтай дараахь багц асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, тэдний санал хүсэлттэй танилцсан байна. Энэ үеэр  УИХ төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх шийдвэр гаргасан нь онцгой ач холбогдолтой бөгөөд төсөв захиран зарцуулах эрхийг нутгийн удирдлага, иргэд шийддэг болох учраас та бүхэн нутгийн удирдлагад тавих бүх шатны хяналтыг хүчтэй болгож, орон нутгийн тулгамдсан асуудалд ухаалаг ирээдүйгээ харсан зарчимч байр сууринаас хандах шаардлага зүй ёсоор гарч ирэх болно гэлээ. Мөн ажилгүйдэл төр засгийн тулгамдсан анхаарлын төвд байдаг асуудлын нэг. Ажилгүй, орлогогүй иргэд  ирээдүйдээ итгэх итгэлгүй болж хийдэг юм нь архидалт болсон. Нутгийн минь уул усны овоонууд архины шилээр дүүрсэнд миний бие их эмзэглэж байна. Бид Монгол Улсын төрийн тэргүүн Ерөнхийлөгчийнхөө санаачлагыг дэмжиж аливаа баяр ёслол, арга хэмжээг архигүйгээр сүү барин тэмдэглэж байх хэрэгтэй. Архи, тамхины үйлдвэрийн эзэд, томоохон хувьцаа эзэмшигчдыг УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэрийг нь дэвшүүлэхгүй байх хуулийн төслийг гишүүн би дэмжиж өргөн барьсан гэдгээ сонгогчдод хэлэхэд маш тааламжтай талархан хүлээн авч байлаа. Ажилгүйдлийг бууруулах зорилгоор УИХ 2009 онд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх 30.0 тэрбум төгрөгийг анх баталж ажлыг эхлүүлж байсан бол санхүүжилт нь жил болгон нэмэгдэж, 2011 онд үндэсний үйлдвэрийг дэмжиж 150.0 тэрбум төгрөгийн бонд гаргаж хүү багатай, урт хугацааны зээлд үйлдвэрүүд хамрагдаж ажлын байрны тоо нэмэгдэх, хадгалж үлдэх боломжтой болж байгааг мэдээллээ. 2011 онд “Сум хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөөр сум бүрт хүн ам, зах зээлийн багтаамжийг харгалзаж 50.0 - 265.0 сая төгрөгийг хуваарилж сумын Засаг даргаар ахлуулсан орон тооны бус ажлын хэсэг төсөл сонгон шалгаруулж зээлийг олгодог болсныг тайлбарлаж, иргэд халамж, тэтгэмж хүлээн зүгээр суух биш харин төр засгийн бодлогыг идэвхтэй дэмжиж төсөл хийж зээл хөтөлбөрт хамрагдахыг чармайсан сайн оролцогч байх ёстой гэдгийг сануулж хэлж байлаа. Малчид, мал бүхий иргэдийн талаарх Төрийн бодлого хуульчлан батлагдсанаар  малчид сайн дураараа хоршиж хамтын хөдөлмөрөөрөө өрсөлдөөнтэй зах зээл дээр байр сууриа хадгалан үлдэх, түүхий эдийн үнийн хэт савалгаанд өртөхгүй байх, үйлдвэрүүдэд түүхий эдээ худалдан авах бололцоог бүрдүүлж байгаа. Цаашид тэмээ, хонины ноосонд урамшуулал өгөөд зогсохгүй мах, сүүний урамшуулал өгөх асуудлыг ч судалж байгааг хэллээ. Хөдөө аж ахуйн салбарын төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд сум бүрт байгуулагдсан орон тооны ажлын нэгж  чухал үүрэгтэйн зэрэгцээ 2021 он хүртэл хэрэгжих хөтөлбөрөөр хийгдэж байгаа ажлуудад малчид, мал бүхий иргэд үнэлэлт дүгнэлт өгч, санал хүсэлтээ аймаг, орон нутгийн удирдлагад тавьж байх хэрэгтэйг онцлон хэлж байлаа.  2011 оны намрын чуулганаар УИХ сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан. Уг хуулиар сонгогчдын санал татах зорилгоор хийх аливаа үйл ажиллагааг 35.18-дугаар зүйлээр бүрэн хааж өгсөн. Үүнд үнэгүй зүйлс тараах, ямарваа нэгэн үйл ажиллагаа, хувь хүмүүсийг ивээн тэтгэх, дайллага, цайллага хийх, мөнгөн болон эд хөрөнгийн тусламж дэмжлэг үзүүлэх, урлаг, спортын тоглолт явуулах зэрэг олон зүйлийг хуулиар хориглосон. Хуульд харшилсан үйл ажиллагаа явуулсан этгээдийг шүүх магадлан шалгаад тогтоовол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчээр бүртгэхгүй байх юм гэдгийг сонгогчдод таниулж явлаа. УИХ-ын гишүүн Ц.Сэдванчигийг уулзалт хийж байх үеэр иргэд сонгогчид дараах  хэдэн асуудлыг олон удаа давтан асууж тодруулж байлаа. Тухайлбал: Сонгуульд амалсан бэлэн мөнгөний амлалт хэрхэн хэрэгжих талаар, хонины ноосны мөнгөний урамшуулалттай холбоотой маш их гомдлыг малчдаас тавьж, зарим нэгэн этгээдүүд хуурамч баримтаар мөнгө авсан байж болохыг шалгуулж өгөхийг хүссэн, гишүүний санаачилгаар Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх алслагдсан сум, багийг “Жи-Мобайл” сүлжээнд холбуулах, Рашаант сумын Сэлэнгэ мөрний Сацын буланд төмөр бетон гүүр тавих ажлыг түргэтгэх зэрэг асуудлаар санал гаргаж байлаа. Мөн сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байгаа Бүрэнтогтох сумын нутаг дахь Фосфоритын орд, Цагаан-Уул сумын Өвгөд багийн нутагт “Гоби эксплорэйшн” ХХК, Цэцэрлэг сумын Могойн голын нүүрсний уурхайн орчимд “Эйспар майнинг” ХХК-ийн хийж байгаа өрөмдлөгийн ажлууд нь Монгол Улсын хууль дүрмийг зөрчиж, байгаль сүйтгэгдэж, хүн мал амьдрах орчин хүндэрч байгаа талаарх нутгийн иргэдийн гомдолд УИХ-ын гишүүн анхаарал хандуулж, хуулийн дагуу зөвшөөрөл олгогдсон эсэх, хайгуул хийж буй газрууд нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулиар хориглосон талбайтай давхацсан эсэхийг тодруулж иргэдэдээ мэдээлэл өгөхөөр боллоо.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ