Дерек Чисор: Кличкогийн аваргын бүсийг, найз бүсгүйтэй нь булаана

img

Хэдхэн хоногийн дараа мэргэжлийн боксын хүнд жингийн аварга Украины боксчин Владимир Кличко Британийн тамирчин Дерек Чисортай тулалдана. Сүүлийн жилүүдэд рингэн дээрх тулаан бус түүний өмнөх хэвлэлийн бага хурал илүү сонирхолтой болоод байгаа тал бий. Дерек ч хэвлэлийн хурал дээр амандаа орсныг бурж гарчээ. “Би түүний бүх зүйлийг булаан авах болно. Аваргын бүсийг нь аятайхан найз бүсгүйтэй нь хамт авна. Энэ бол дайн. Тэр зөвхөн хоёр л янзаар цохилт хийдэг ядмагхан боксчин. Харин найз бүсгүй нь намайг ринг дээр гарахыг хараад түүнийг орхиж, миний хүзүүнээс зүүгдэх болно” гэж Дерек Чисор мэдэгдсэн байна. Үүний хариуд Кличко “Миний чамаас ялгарах зүйл бол би эмэгтэй хүн рүү гар далайдаггүй.

Чиний гарын алчуур болж буй найз бүсгүйчүүд чинь миний бүсгүйн дэргэд дэндүү гутамшигтай. Дэндүү их ялгаа тэдний хооронд бий. Үзэгчдэд хандаж хэлэхэд арванхоёрдугаар сарын 11-нд та бүхэн надад дурлах болно. Учир нь би мэргэжлийн боксын рингнээс Чисор мэтийн бузар залуусыг зайлуулна” гэж ууртай хэлжээ.

Хэвлэлийн хурлын дараа Кличкогийн дасгалжуулагч Эммануэль Стюард “Чисор Владимирыг дэмий л уурлууллаа даа. Эхний раундын дараа намайг зөөлхөн цохиоч гэж гуйхаа мэдэхгүй байж. Та бүхэн ирэх хагас сайнд уурандаа шатсан Кличко, үнхэлцэг нь хагарах шахсан өрөвдөлтэй Дерек Чисорыг үзэх болно. Энэ маш сайхан тулаан болно” гэж тэр бардам өгүүлжээ. Владимир Кличко, Дерек Чисорын тулаан арванхоёрдугаар сарын 11-нд болно.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ