
БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар өнөөдөр НИТХ-ын дарга Т.Билэгт, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт Аялал жуулчлалын оргил үед үйлчилгээний газруудыг уртасгасан цагаар ажиллуулах тухай санал хүргүүлэв. Уг саналд, аялал жуулчлалын оргил үе буюу зуны улиралд жуулчид олноор үйлчлүүлдэг, өндөр зэрэглэлийн үйлчилгээний газруудыг уртасгасан цагаар ажиллуулах талаар холбогдох шийдвэр гарган, Улаанбаатар хотод аялал жуулчлал хөгжүүлэхэд хамтран ажиллахыг хүсчээ.
Аялал жуулчлал өндөр хөгжсөн улс орнуудад жуулчдад зориулсан үзвэр, үйлчилгээ, шоу тоглолтуудыг шөнө оройн цагаар зохион байгуулж, жуулчдын сэтгэл ханамж тэр хэмжээгээр нэмэгддэг туршлага бий. Энэ жил Лондонгийн зуны олимп, Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг томоохон арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Манай орон Европын орнуудаас 5-7 цагийн зөрүүтэй байрладгаас шалтгаалан телевизийн нэвтрүүлэг, спортын тэмцээнүүдийг үзэхэд хүндрэл тулгардаг.
Гэтэл НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 08 дугаар тогтоолоор “Хүнсний худалдаа эрхэлдэг ААН 08.00-24.00, зоогийн газар 07.00- 24.00, баар 15-24.00, кафе 10.00-22.00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулдаг байхаар тогтоосон. Энэ нь дотоодын иргэд болоод жуулчдын идэвхтэй амралтаа өнгөрөөх боломж, гадаад жуулчдаас орох орлогын хэмжээг хязгаарлаж, цаашид Улаанбаатар хотын аялал жуулчлалын хөгжилд сөрөг өнгө төрхийг бий болгож байна. Монголд ирж буй жуулчдын 95 хувь нь Улаанбаатар хотод аяллынхаа нэгээс дээш хоногийг өнгөрүүлдэг ч нийслэлд аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл цөөн, үйлчилгээний чанар хангалтгүй хэвээр байгаа юм.
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын судалгаанаас үзэхэд 2011 онд дэлхий дахинд 980 сая хүн жуулчилж, аялал жуулчлалын салбар дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувь, нийт экспортын 6 хувийг эзэлж, 2020 он гэхэд дэлхий даяар аялж буй жуулчдын тоо 1 тэрбум 560 сая, тэр дундаа Ази, номхон далайн орнуудыг зорих жуулчдын тоо 397 саяд хүрэх төлөвтэй байна. Монгол Улсад 2011 онд 626993 гадаадын зорчигчид ирж, салбарын орлого 283 сая ам долларт хүрч, 2010 оны мөн үетэй харьцуулахад зорчигчдын тоо 12,4 хувь, орлого 21 гаруй хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа тул нийслэлийн удирдлагууд энэ асуудлаар хамтран ажиллахыг хүсч байгаа талаар уг саналд дурьджээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ