
Үнэнийг хэлснээрээ өдөр бүр амаргүй, дарамт бэрхшээлтэй нүүр тулдаг сэтгүүлчдийг сүүлийн үед рекетлэх хандлага эрс нэмэгдэх боллоо. Өчигдөр гэхэд л Алтайн хүдэр компанийн хэсэг ажилтнууд нэлээд сүржин үгээр далайлгасан хэвлэлийн хурал хийлгэв. Тэд хурлын үеэр өдөр тутмын сонины нэг сэтгүүлчээс олон тэрбум төгрөг нэхэмжлэнэ гэж сүрдүүлэв.
Мөнгө нэхэх болсон үндэслэл нь “Өнөөдөр сонины 2012 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн дугаарт нийтэлсэн “Алтайн хүдэр компанид ажиллахаар ирсэн унгар иргэн амиа алджээ” гарчигтай ташаа нийтлэл гарсан” гэв. Энэ нь тус компанийн 2000 гаруй ажилчны хийж бүтээсэн нөр их хөдөлмөрийг илт үгүйсгэж, бодит үнэлгээг гажуудуулсан сөрөг ойлголтыг олон нийтэд хүргэсэн гэж дээрх нийтлэлийг бичсэн сэтгүүлчийг буруутгалаа.
Тэгэхдээ өнгөц, ташаа дүгнэлттэй гүтгэлгийн шинжтэй мэдээлэл цацсан гэж үзэж буйгаа илэрхийлэв. Уг нь аливаа нийтлэл мэдээллийн үнэн бодит баримттай эсэхийг нэг компанийн хэдэн эрх мэдэлтэй хүмүүс нотлодоггүй. Шүүх байгууллагын ажил гэдгийг эрхзүйн наад захын мэдлэгтэй хүн тов тодорхой мэднэ.
Гэтэл Алтайн хүдрийнхэн өчигдөр “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвийг шүүх танхим гэж бодсон уу гэлтэй хуралд оролцохоор ирсэн сэтгүүлчдийг асуулт асуухыг хориглож, өөрсдийн бэлтгэж ирсэн алдаа мадагтай мэдээллээ уянгын халил оруулан уншиж өгөв. Тэгэхдээ нэг ч асуулт асууж болохгүй гэж анхааруулав.
Ингээд цааш нь нөгөөх сэтгүүлчийг эрс буруутгасан мэдээллийг уншиж танилцуулсаар хагас цаг болсон юм. Уг нь бол тэд Өнөөдөр сонины нийтлэл гүтгэлэг гэдгийг шүүхээр нотлуулчихсан бол хэн ч юу ч хэлэхгүй. Гэтэл хэт яаран дүгнэлт хийж ажлаа хийсэн сэтгүүлчийг буруутгасан нь бас ч үгүй мөнгө нэхэмжлэнэ хэмээн хэвлэн нийтлэх эрхэнд нь ноцтой халдлаа гэж хэлж болох.
Энэхүү хурлын өмнөхөн Авлигатай тэмцэх газраар овоглосон бүлэг хүмүүс мөн л тус мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийж асуулт тавьсан сэтгүүлч рүү гараараа чичлэн “ Чи АТГ-аас халагдсан биз дээ” хэмээн бүдүүлэг авир гаргасан баримтыг олон хүмүүс сонссон.
Монголд сэтгүүлчийн асуулт асуух, хэвлэн нийтлэх эрхийг хуулиар баталгаажуулсан гэдгийг дээрх эрхмүүд мэдэхгүй бололтой. Хууль сөхвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 139 дүгээр зүйлд зааснаар Сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад хийх өөрийн болон бусдын ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараалгахгүй байхын тулд сэтгүүлчийн хуульд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаанд саад хийсэн бол торгох буюу баривчлах ялаар шийтгэнэ гэж тодорхой заажээ.
Гэтэл мэргэжлийн ажлаа хийсэн сэтгүүлчийг гүтгэлгийн шинжтэй мэдээлэл цацсан гэж шүүхийн нэрийн өмнөөс олон түмний өмнө яллаж байгаа нь хэр бодит үнэнд нийцэх вэ. Түүнаас гадна аливаа сонины редакцийн хариуцлагатай ажилтнууд сэтгүүлчийн бичсэн нийтлэл баримттай эсэх, мэргэжлийн төвшинд хийсэн үү, эх сурвалж баталгаатай эсэхийг нэг бүрчлэн нягталж байж гарын үсэг зурж мэдээллийг олон нийтэд түгээдэг. Гэтэл захын гутлын наймаачнаас эхлээд уул уурхайн компанийн эзэд хүртэл бүгд сэтгүүлчийг дарамтлах, өөрсдийн хараат байлгах гэсэн оролдлого нь үнэнийг гажуудуулж олон нийтийн эрх ашгийг ноцтой зөрчихөд хүргэх аюултай .Хараат бус байдал нь сэтгүүлчийн үнэт зүйл.
Хараат бус байж үнэнийг өгүүлнэ. Мэргэжлийн байгууллагын судалгаанаас харахад сэтгүүлчийн эрхийг зөрчигчдийн 75, зарим тохиолдолд түүнээс илүү хувийг эрх мэдэлтэн албан тушаалтан, төрийн албан хаагчид эзэлдэг. Зөвхөн сүрдүүлээд ч зогсохгүй орон гэрт нь отолт хийж зодох, харанхуйд ганцаараа явахад нь биед халдахыг завдсан баримт ч бий. Энэ бүхэнд сэтгүүлч эрхээ хамгаалахаар хуулийн байгууллагад хандаад байдаггүй.
Сэтгүүлч хардах, шүүмжлэх эрхтэй, энэ бол хуульчлагдсан зүйл. Тиймээс сэтгүүлчийн хууль ёсны ажилд саад учруулж элдэв байдлаар дарамтладаг эрхмүүд дээрх хуулийн заалтыг мэдэхэд илүүдэхгүй биз ээ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ