Их Британийн Батлан хамгаалахын сайд сайн андынхаа асуудлаас болж огцроход хүрлээ
Их Британийн Батлан хамгаалахын сайд Лиам Фокс албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгчээ. Тэрээр сүүлийн үед хилийн чанадад айлчлах тоолондоо анд найз Адам Уэрритийг авч явдаг байсан аж. Лиам Фокс албан ёсны айлчлалын үеэр албан ажлаа амжуулж байх зуур Уэррит түүний хувийн асуудлыг цэгцэлж, айлчилж буй улсын удирдлага юмуу томоохон компанийн захирлуудтай хувийн уулзалтуудыг нь зохион байгуулдаг байсан гэнэ. Фокс найз Уэрритийгээ “Миний зөвлөх” хэмээн мэдүүлсэн ч энэхүү албан тушаалыг эрхэлдэг гэсэн бичиг баримт огт байхгүй нь тодорхой болсон байна. Иймээс Британи арал дээр шуугиан дэгдэж, албаны ажлыг хувийнхтайгаа хутгадаг сайдыг албан тушаалаасаа огцроход хүргэлээ.
“Би хувийн ашиг сонирхлыг улсын албан ажилтай хутгасандаа хүлцэл өчиж байна. Энэхүү явдлын үр дагавар сүүлийн хэдэн хоногийн дотор надад хангалттай мэдрэгдлээ” хэмээн Фокс Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмеронд хандсан огцрох өргөдөлдөө дурьджээ.
Уэррит нь Фоксыг Шри-Ланкад айлчлах үеэр Ерөнхийлөгч Махинда Рафапакстай хувийн уулзалт хийхийг зохицуулсан бол Porton Group-ийн захирал Харви Боултертай мөн хувийн ашиг сонирхлын үүднээс албан айлчлалынхаа үеэр уулзахад гол үүрэг гүйцэтгэжээ.
Уэррит нь Фоксын хуримын гэрч болсон үнэнч анд нь гэнэ. Мөн хөршүүд юм байна.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ