Нүүрсний үнэ огцом нэмэгдээгүй харин шуудайны хэмжээ багассан
Гадаа хүйтрэх тусам гэр хорооллынхны гол хэрэглээ болсон нүүрсний үнэ нэмэгддэг. Портер нүүрс ачилтаасаа шалтгаалан 250-300 мянган төгрөг, ЗИЛ-130 машины тэвш нүүрс 350 мянган төгрөгийн ханштай байна. СХД-ийн 22-р хороонд мод, нүүрсний ченж хийдэг н.Туяагаас нүүрсний үнэ ханш, олдоцын талаар тодрууллаа.
-Нүүрсний үнэ өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулвал ямар байна? Ерөнхийдөө хэвийн байгаа. Гэхдээ портер нүүрс хэмжээнээсээ хамаараад 20-30 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт байна. Нэг жижиг шуудайтай налайхын нүүрсийг 1000, багануур 1200, том цементийн шуудайтай Багануурын нүүрс 2000, Налайхын нүүрсийг 1800 төгрөгөөр худалдаж байна. Портер нүүрс ковш томтой бол 30000-35000, жижиг нь 25000-30000 мянган төгрөгийн ханштай байна даа.
-Шуудайны хэмжээ эрс багассан гэх юм. Энэ талаар тодруулбал?
Тиймээ. Нүүрсний шуудайг хятадаас бөөнөөр нь худалдаж авдаг. Иргэд биднийг шуудайгаа өөрсдөө оёдог гэж боддог юм шиг байна лээ. Би энд долоон жил нүүрс зарж байна. Шуудайны хэмжээ урьд жилийнхээс хамаагүй багассан. Хангай захаас шуудай 85 төгрөгөөр авдаг, харин энэ том цементийн шуудайг барилгын ажилчдаас нэгийг нь 50 төгрөгөөр худалдаж авдаг. Урьд жил шуудайнд нүүрс хийхэд том хүрз элбэг ордог байсан. Энэ жил хүрз орох нь битгий хэл багтах ч үгүй байгаа.
-Ер нь нэг портер нүүрс хичнээн шуудай болдог вэ?
Ноднин нэг портероос 70 шуудай нүүрс гардаг байсан. Харин энэ жил 60 шуудай гарч байгаа. Гэхдээ налайх, багануураас ирэхдээ хэмжээ нь бага ирээд байх шиг байгаа юм.
-Модны ханш ямар байна?
Модны хувьд Хангай захаас нарс 850 төгрөгөөр аваад 1000 төгрөгөөр зардаг. Харин хар мод 950 төгрөгөөр аваад 1200 төгрөгөөр худалдаалж байна. Ер нь өнгөрсөн жилийг бодвол модны ханш 100-200 төгрөгөөр буурсан.
Ц.Одгэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ