
Монгол улсын эрүүл мэндийн салбарт шинэлэг гэж болох эд эрхтэн шилжүүлэн суулгах төв барихтай холбогдуулан, УИХ-аас Донорын тухай Монгол улсын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг удахгүй чуулганаар хэлэлцэнэ. Гэвч Эрүүл мэндийн яамнаас УИХ-д өргөн барьсан шинэчлэн найруулсан төсөлд донорын талаар нэг өгүүлбэр тусгагдаагүй аж. 2000 оны Донорын тухай хуулийн 15.1хэсэг, 15.2 хэсэг заалтыг хуулиас бүр мөсөн хассанаар Донорын хуулийн ач холбогдол, үнэ цэнэ, агуулга нь алдагдаж, Монгол улсыг Доноргүй орон болгох төсөл боллоо хэмээн Монголын донорын холбооноос өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.
Донорын хуулиар эд эрхтэн шилжүүлэн суулгах, цусны нөөц хангамж, донорын нийгмийн халамжийн асуудал, донорын эрүүл мэндийг хамгаалах асуудал, донорыг шагнаж урамшуулах, донорын алдагдсан эрч хүчийг нөхөн сэргээх зорилгоор хоолны мөнгийг нэмэгдүүлэх, донор сурталчилах ажлын зардлыг хүрэлцээтэй олгох гээд олон цогц асуудлыг хуулиар зохицуулан шийдвэрлэх журам боловсруулж хэрэгжүүлэн ажиллах ёстой. Гэтэл ажлын хэсэг дээр донор хүнд төрийн үйлчилгээг цогцоор нь үзүүлэх асуудал огт тусгагдаагүй байна. Иймээс УИХ-аас донорын хуулийг ногоон гэрлээр батлавал Монгол улс доноргүй орон болж, хуулиасаа татгалзсан болно. Бидэнтэй хамтарвал донорт аврал ирнэ.
ЭМЯ-тай хамтарвал мөхөл ирнэ. Ийм хоёр замыг сонгох асуудал УИХ-т өөрт нь үлдлээ. Хууль хэрэгждэггүй учраас донорын нэр хүнд үнэлэмжгүй болсон. Донор хүний эрх ашиг зөрчигдсөн төрийн хууль гууль болно. Хуулийн нэр хүнд уналаа. Монголд донор гэдэг авралын эрхэм ачтан хэрэггүй бол Монголд эд эрхтэнг шилжүүлэн суулгах төвийг барих хэрэггүй. Цусны доноргүй учраас энэ салбар хөгжихгүй. Цус үгүй бол Монголын үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө. Монгол улсын төрийн хуулиар хэн дуртай нь оролдох туйлын бүдүүлэг алдаа. ЭМЯ-ны цусны бодлого хариуцсан албад мэргэжлийн байгууллагад хариуцлага тооцох ч багадах болсон.
Хуулийн алдаа завхарлыг засах зорилгоор донорууд хэвлэлээр дамжуулж төр засагтаа дуу хоолойгоо хүргэж байгаа юм. Бидний гол зорилго бол донор хүнээ аварч, үндэсний үнэт баялагаа хамгаалья гэсэн зорилготой. Иймд Улсын Их Хурлаар удахгүй хэлэлцэгдэх Донорын тухай хуульд доорхи саналыг хуулийн төсөлд оруулах саналтай байгаа аж. Үүнд:
1. Бусдын амь насыг аврахын төлөө 12 л цусаа бэлэглэж “Хүндэт донор”-ын болзол хангасан доноруудыг жилд нэг удаа улсын амралт, рашаан сувилалд үнэ төлбөргүй амраах
2. Тогтмол хугацаанд 350-450 гр цусаа өгч байгаа сайн дурын донорт 15 000 төгрөг сард 400 гр цусыг хоёр удаа өгч байгаа ферезийн донорт 20,0 төгрөгийг тус тус олгож алдагдсан эрч хүчийг нөхөн сэргээх зорилгоор хоол, унааны зардлыг олгож өгөх
3. Донорт нас харгалзахгүй ялгаварлахгүй эрүүл мэнд нийгмийн халамж хөнгөлөлтийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй үзүүлэх
4. Донор зохион байгуулалт, мэдээлэл сурталчилгааны зардлыг Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Донорын холбоонд жил бүр олгож байхаар улсын төсөвт суулгаж өгөх
5. Доноруудын шагнал урамшуулалын тогтолцоог бий болгох зэрэг саналыг нэмж оруулах хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ