
Төрийн албаны зөвлөлөөс энэ оныг "Ёс зүй, хариуцлага"-ын жил болгон зарласантай холбогдуулан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”ийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийт төрийн байгууллагад шинээр байгуулагдсан ёс зүйн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарын сургалтыг зохион байгуулж байгаа.
Энэ ажлын хүрээнд өмнө нь 16 аймгийн ёс зүйн хорооны дарга нарийн бичгийн дарга нарт сургалт явуулсан бөгөөд нийслэлийн төрийн байгууллагуудын ёс хороодын дарга нарийн бичгийн дарга 60 гаруй хүнд “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт нийт дөрвөн өдрийн сургалт зохион байгуулав.
Сургалтыг нээж Төрийн албаны зөвлөлийн дарга Д. Зүмбэрэллхам хэлсэн үгэндээ "Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм” 2010 оны оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 288 дугаар тогтоолоор батлагдаж, энэ дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийн хянан шийдвэрлэх журмыг Төрийн албаны зөвлөлөөс батлан гаргаж, 2011 оныг “Ёс зүй-хариуцлагын жил” болгон зарласантай холбогдуулан нийт төрийн байгууллагаас зохион байгуулж байгаа ажлын талаар дурьдаад, энэ ажлын хүрээнд төрийн байгууллагуудад байгуулагдан ажиллаж байгаа Ёс зүйн хороод, түүний бүрэлдэхүүнд орсон төрийн албан хаагч бүхэн хариуцлагаа ухамсарлаж, дүрэм, журмаа сайтар ойлгож, сурталчлах, бусад төрийн албан хаагчдыг соён гэгээрүүлэх, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн хүрээнд чанартай, шударга зохион байгуулж, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргахад нь туслах чиг үүргээ хариуцлагатай биелүүлж ажиллахад энэхүү сургалт үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Сургалтаар ёс зүйн тухай ерөнхий ойлголт, ёс зүйн зарчим, эрхэмлэн дээдлэх зүйлс, хэм хэмжээ, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг олон улсын түвшинд хэрхэн авч үздэг, “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм, түүний хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулах, ёс зүйн гомдол, мэдээллийг хүлээн авч, хянан шийдвэрлэх ажиллагаа, ёс зүйн зөрчил гаргагчдад хүлээлгэх хариуцлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ёс зүйн зөрчлийн кейс дээр ажиллан илэрч байгаа болон гарч болзошгүй зөрчлийн талаар харилцан ярилцаж, онолын болон практик туршлагаа солилцов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ