
Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэд төрсөн газар, нутаг орондоо тайван амгалан амьдрах, уламжлалт мал аж ахуйгаа чөлөөтэй эрхлэн аж төрөхөд бэрхшээлтэй болж, уул ус, ан амьтан, байгаль орчинд аюулын харанга дэлдэж эхлээд байна. Иймд тус сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын үйл ажиллагаа явуулах эрхийн лицензийг хүчингүй болгох хүсэлтэй байгаагаа өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдэгдлээ. Уг хуралд Увс аймгийн Бөхмөрөн сумын Хар Алтат багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, Баянмөрөн хөдөлгөөний тэргүүн, Ц.Амартайван, Баянмөрөн хөдөлгөөний Улаанбаатар дахь салбар зөвлөлийн тэргүүн Г.Ганбат, Баянмөрөн хөдөлгөөний хуулийн зөвлөх Т.Мэндсайхан, Бөхмөрөн сумын дунд сургуулийн ахмад багш Д.Ядамсүрэн, Х.Сүрэнжав, Б.Насанжаргал, Бөхмөрөн сумын уугуул иргэн З.Даваамүнсэл, О.Ганхөлөг нар оролцов.
Тус сумын нутаг дэвсгэр дээр өнөөдрийн байдлаар ашигт малтмалын ашиглалтын долоо, хайгуулын есөн тусгай зөвшөөрөл олгогдсон бөгөөд дөрвөн ил уурхай үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Эдгээр уул уурхайн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанаас 16 мянга орчим га талбай талхлагдсан, газрын эвдрэл ихэссэн, байгаль орчныг хог хаягдлаар бохирдуулсан, тоосжилт ихэссэн, ургамал хордож гарц багассан, гол ус, булаг шанд ширгэсэн, бэлчээр шахагдсан, байгал орчны тэнцвэр алдагдах болжээ. Мөн тус сумын иргэдийн өвөг дээдэс, төрөл төрөгсдийн 200 гаруй шарил, улсын болон орон нутгийн бүртгэлтэй зургаа, бүртгэлгүй маш олон тооны хэрэгсүүр, таван хүн чулуун хөшөө зэрэг нэн ховор түүх соёлын өв, дурсгалт зүйлс эдгээр уул уурхайн талбай дээр байрлаж хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд өртөж, цаашид ч дахин өртөх аюулд тулаад байна.
Иймд тус сумын иргэд дээрх байдалтай эвлэрэхгүй хэмээн мэдэгдэж өнгөрөгч сарын 27-ноос эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Тус сумын иргэд газар орноо хамгаалах зорилгоор “Баянмөрөн” хөдөлгөөнийг эхлүүлсэн бөгөөд тус хөдөлгөөний үйл ажиллагаа энэ сарын 1-нээс эхэлжээ. Тэд нутаг орныг нь сүйдэлж, байгалийн онгон төрхийг нь эвдэж байгаа уул уурхайн компаниудыг эсэргүүцэж, хугацаагүй суулт зарлаад байгаа. Тус хөдөлгөөнийхөн Увс аймгийн Засаг дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Байгаль орчны яам, Увс аймгаас УИХ-д сонгогдсон гурван гишүүд, Ашигт малтмалын газар, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөдөл, албан бичгийг удаа дараа илгээж, сум, иргэдийн өмнө тулгарч буй дээрх асуудлыг шийдвэрлэх санал, хүсэлтээ тавьж байгаа боловч өнөө хүртэл төр засгийн эрх бүхий байгууллагаас шаардлагатай арга хэмжээ авахгүй, цаг нөхцөөсөн, түр зуурын зарим шийдвэр гаргаад аргацааж өнгөрөөхийг оролдож байна гэж үзлээ.
Ямартай ч, тэдний тэмцлийн үр дүнд МХЕГ-аас тус суманд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудад шалгалт хийж, бичиг баримтын зөрчилтэй хэд хэдэн компаниудыг лацдаж, түр хугацаагаар ажлыг нь зогсоогоод байгаа. Гэвч нутгийн иргэдийн хувьд бичиг баримтын зөрчлийг арилгаад үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх тул тэдгээр компаниудын лицензийг нь бүрмөсөн хүчингүй болгохыг хүсч буйгаа илэрхийлэв. Учир нь уул уурхайн компаниудын үйл ажиллагаанаас үүдэн Шанага, Мөст, Хүвийн булаг, Улаан эрэг, Баян Уушиг, Хужиртын гол, булаг шанд ширгэсэн, хуучин болон шинээр гаргасан автомашины салаа замын тоо 360 гаруйд хүрсэн, бэлчээр ус шахагдсанаас нутгийн иргэд зэргэлдээ багийн нутагт нүүдэллэх болж, олон хүндрэл, бэрхшээл, байгалийн гамшиг нэмэгдэх болсон аж.
Иймд Монголын төр, захиргааны эрх бүхий байгууллагуудад хандан дараах шаардлагуудыг хүргэж байгаагаа мэдэгдлээ.
- Нутгийн иргэдийн санал, зөвшөөрөлгүй буюу хууль зөрчиж олгогдсон ашигт малтмалын хайгуул, ашиглалтын бүх лицензийг нэн даруй хүчингүй болгох,
- Уламжлалт мал аж ахуйгаа эрхлэх ажлын байр, малын бэлчээрээ хэвээр хадгалах, хойч үе, үр хүүхдүүддээ газар нутаг, байгалийн баялгаа өвлүүлэн үлдээх зорилгын үүднээс лицензийн талбайг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авч шаардлагатай нөхөн олговрын асуудлыг улсын төсвөөс шийдвэрлэх,
- Байгаль орчинд учруулсан хохирлыг арилгах, нөхөн сэргээх арга хэмжээг буруутай этгээдээр гүйцэтгүүлэх зэрэг шаардлага тавив.
Мөн хурлын үеэр тэдний тавьсан дээрх шаардлагын хариуг нэн даруй өгөхийг шаардаж, хэрэв өгөхгүй удвал амь нас, эрүүл мэндээ үл хайхран тэмцлийн дараагийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдлээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ