
“Хамаг зүйл шороо мэт арилахад гагцхүү гэрэл зураг түүх болон үлдэнэ" гэдэг. Үнэхээр монголчуудын үе үеийн үүх түүх, аж амьдралыг харуулсан гэрэл зургуудийг харахад туйлын сонирхолтой байдаг. Ийм нэгэн сонирхолтой гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр Монголын Уран Зургийн галерейд нээлтээ хийсэн юм. Гэхдээ бүр гадаадын гэрэл зурагчны дуранд хэрхэн бууж байсныг нийтэд дэлгэлээ.
“Нэгэн зууны тэртээх Монгол Улс-Францын гэрэл зурагчны дуранд” хэмээх энэхүү үзэсгэлэнг Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Монгол дахь Францын элчин сайдын яам, Франц улсын О-де-Сейнь мужийн Алберт Каны музей хамтран зохион байгуулж байгаа юм. Харин дэмжигч байгууллагаар Монголын Урлагийн зөвлөл, Монгол-Франц төв, Монголын Уран Зургийн галерей оролцож байгаа аж. Үзэсгэлэнг нээж БСШУ сайд Ё.Отгонбаяр, Монгол Улсад суугаа Францын элчин сайд Ив Дэлунэ нар үг хэлсэн.
Францын О-де-Сейнь мужийн Альберт Каны музейд 2011 оны арваннэгдүгээр сарын 29-нөөс 2012 оны есдүгээр сарын 12-ныг хүртэл “Зуун дамжсан Монгол 1912-1913” үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм байна. Тус үзэсгэлэнд Францын зурагчин Стефан Пассейн дүрсжүүлсэн 1912-1913 оны Монголын 72 автохром өнгөт зураг, 38 эртний түүхийн баримтууд, 11 археологийн олдвор, хоёр хар цагаан дүрс бичлэг Парис хотноо нийтийн хүртээл болж байгаа аж. XX зууны эхэн үеийн Францын банкны эзэн Алберт Каны гэрэл зургийн цуглуулга дахь Монголын түүх, соёлтой холбоотой эдгээр нандин баримт гэрэл зургуудыг хэвлэмэл ба дижитал хэлбэрээр Франц улсын О-де-Сейнь мужаас Монгол улсад ирүүлсэнтэй холбогдуулан БСШУЯам “Нэгэн зууны тэртээх Монгол улс- францын гэрэл зурагчны дуранд” үзэсгэлэнг ийнхүү нээж байгаа бөгөөд хоёр сарын турш олны хүртээл болох юм. Зурагчин, оператор Стэфан Пассэгийн дурандаа буулгасан 72 гэрэл зураг, нэг хар, цагаан кино нь уг үзэсгэлэнгийн гол бүтээлүүд юм. Стэфан Пассэ 1912 онд Хятад, Өвөр монголд ирж байсан ч, ар Монгол руу орох бололцоо олдоогүй байна. Тиймээс 1913 оны зургадугаа сард ар монголд ирж тухайн үеийн нийслэл өргөөнд голчлон зураг авалтаа хийжээ. Энэ нь өрнөд ертөнцөд төдийлөн танил болоогүй гадны улс орнууд руу судалгааны анги илгээн гэрэл зураг, түүхэн баримт цуглуулдаг банкны эзэн Альберт Каны санхүүжилтээр бүтсэн аялал байж.
Тус үзэсгэлэнд дэлгэн тавигдсан дээрхи гэрэл зургууд нь тухайн үеийн Монголын ахуй амьдрал, нийгмийн байдал, зан заншлыг харуулсан бөгөөд Монгол Улсын түүхийн үнэт сурвалж, чухал дурсгал юм. Архангай аймгийн Гол Мод дахь Монгол-Францын археологийн судалгааны дүнд олдсон 11 эд зүйлийг болон Патэ-Гомон кино театрын архивт хадгалагдаж буй нэг хар, цагаан бичлэгийг мөн үзэсгэлэнд оруулсан байна. Уг үзэсгэлэнгийн гол зорилго нь XIX зууны сүүл, XX зууны эхэн үеийн Монгол Улсын гадаад бодлого, ялангуяа хоёр хөрш орны нөлөө, тэдэнтэй явуулж байсан харилцаа, шашин шүтлэг, нүүдэлчдийн ахуйг олон нийтэд хүргэхэд оршиж байгаа юм. Тус үзэсгэлэнд ирсэнээр “Халх эхнэр”, “Нийслэл хүрээ”, “Нийслэлийн хүрээний шоронгийн харуул”, “Майдарын дуган” зэрэг зургуудаас 100 жилийн өмнө тусгаар тогтнолоо олж дахин сэргэсэн Монгол хүмүүс, Нийслэл Хүрээний дүр төрхийг харж Монголын түүхийн нэгээхэн хэсгийг танин мэдэх боломжтой юм.
Францын банкны эзэн Альберт Канын тухай
Францын банкны эзэн Альберт Кан нь 1909 онд улс орнуудын онцлог, нийгэм, хүмүүсийн аж амьдралыг буулгасан өнгөт гэрэл зураг авах томоохон төсөл эхлүүлж, зурагчдыг ажиллуулж байжээ. Тэрээр 1930-аад оны эхээр эдийн засгийн хямралын нөлөөгөөр санхүүгийн байдал нь хүндэрч уг төслөө зогсоосон ч Вьетнам, Бразил, Америк, Норвеги, Монгол зэрэг улсын түүхэн агшныг харуулсан 180,000 метр хальс бүхий хар цагаан дүрс бичлэг, 72 мянган автохром өнгөт зургийг цуглуулж чаджээ. Өдгөө Альберт Каны музей нь дэлхийн улс орнуудын ХХ зууны түүхэн ховор агшныг харуулсан сонирхолтой үзмэртэй музейн нэгд зүй ёсоор тооцогддог билээ
.
Дэлхийн анхны өнгөт зургийн технологи-Автохром зураг
Францад 1907 онд ах дүү Лумире автохромын технологийг боловсруулснаар дэлхийд гэрэл зургийн хувьсгал гарч хар цагаан зургууд амилан анхны өнгөт гэрэл зургууд бий болсон түүхтэй. Төмсний цардуулыг улаан улбар шар, ногоон эсвэл ягаан хөх будганд оруулж хар нүүрсний тортог болон цагаан гэрэл зургийн эмулстэй холисноор автохром хийдэг байжээ. Бүх өнгийг шар, цэнхэр, улаан гурван өнгөнөөс дахин боловсруулан гаргадаг байжээ. Энэхүү технологийг ашиглан XX зууны эхэн үеийн Монголчууд, нийслэл хүрээний дүр төрхийг баримтжуулсан зурагчин Стефан Пассейн нийт 80 орчим өнгөт зургууд үзэсгэлэнгийн дараа Франц улсын О-де-Сейнь мужид буцаан хүргэгдэх юм байна.
Сурвалжлагч Д.Цэцэг
Гэрэл зургийг Н.Ариунаа

















































СЭТГЭГДЭЛ БИЧИХ