
Америк эр Дью Бозелл эдүгээ 52 настай. Тэрээр хийгээгүй хэргийнхээ төлөө 26 жил шоронд хоригдоод хоёр жилийн өмнө суллагдсан юм. Гэмт буруугүй нь нотлогдтолоо 26 жил “аавынд” суухдаа Дью боксын рингэнд гарахыг л мөрөөдөж байжээ. Ингээд суллагдмагцаа 30 настай мэргэжлийн боксчин Ларри Хопкинсийг тулаанд дуудаж, улмаар гурван шүүгчийн 38:37, 39:36, 39:36 гэсэн саналаар ялалт байгуулж чадсан байна.
“Би шоронд байхдаа бокс тоглож, рингэнд гарчихсан байна гэж их мөрөөддөг байлаа. Тэгээд хэзээ нэгэн цагт мэргэжлийн боксын рингэнд гарна гэж өөртөө андгайлсан юм. Өнөөдөр миний мөрөөдөл биеллээ оллоо” гэж Дью Бозелл ярьжээ.
Дью 1983 онд 92 настай эмгэнийг хөнөөсөн хэргээр Нью-Йоркийн Синг-Синг шоронд хоригдсон аж. Энэ шорон чанга дэглэмтэй тул Бозелл боксын бэлтгэл хийх боломж бараг үгүй байж. Гэлээ ч шоронгийн ханыг цохиж бэлтгэлээ базаах болжээ.
2009 онд Бозеллийг хэрэгт ямар ч хамааралгүй болохыг хэсэг залуу өмгөөлөгчид нотолж чадсан байна.
Одоо Бозелл Нью-Йоркоос 90 километр зайд орших төрөлх хот Ньюборгтоо очиж, боксын дугуйлан нээн ажиллуулахыг мөрөөдөж сууна. Харин мэргэжлийн боксын рингэнд өөрөө дахиж гарахгүй ажээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ