Роберто Манчини: Бид гараагаа сайхан эхэллээ, гэвч өмнө урт зам байна
Английн Премьер лигийн наймдугаар тойрогт “Астон Вилла”-г талбай дээрээ 4:1-ээр итгэлтэйгээр хожсноор “Манчестер Сити” жагсаалтыг ганцаараа тэргүүлж эхэллээ. Энэ тойрогт тэдний өмнө явсан “Манчестер Юнайтед” “Ливерпуль”-ийн талбайд зочлон тоглож, 1:1-ээр тэнцсэнээр нэг хотынхоо багаас хоёр оноогоор хоцрох болсон юм.
“Манчестер Сити”-гийн ахлах дасгалжуулагч Роберто Манчини сүүлийн тойрогт гол тоглогчдоо амрааж, нөөц тамирчдаа гаргасан ч гэсэн амжилт олсондоо тун баяртай байна.
“Би үндсэн бүрэлдэхүүнд түлхүү гарч буй тоглогчдоо зайлшгүй амраах шаардлагатай байлаа. Шигшээ багтаа тоглоод хэдхэн хонож буй тоглогчдыг талбайд гаргавал гэмтэж бэртэх аюул үүсч магадгүй. Тэгээд ч манай багт энэ тэнцүү тоглогчид олон бий. Өнөөдөр Марио Балотелли гайхалтай гоол орууллаа. Манайхан багаараа их сайн тоглолоо. Үнэхээр энэ улиралд бид гараагаа гахйалтай эхэлж чадсан. Гэвч бидний өмнө урт зам байна” гэж Роберто Манчини хэлжээ. Харин тэрээр Карлос Тевесийн ирээдүйн тухай тодорхой хариулт өгөхөөс татгалзжээ.
Энэ долоо хоногийн амралтын өдөр “Манчестер Сити”-гийн гол өрсөлдөгч “Манчестер Юнайтед”-тай тоглох болно.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ