
Монгол улсын нутаг дэвсгэрт цөмийн хог хаягдлыг булшлах тухай асуудал өнгөрсөн саруудад хүчээ авсан ч албаны хүмүүс эрс үгүйсгэсээр ирсэн. Тэд энэ талаар онцлон бичиж байсан гадаадын хэвлэлүүдийг “Шар сонин” хэмээн хочилж байсан ч энэ асуудал савнаасаа хальж улстөрийн хүрээнд орсон юм.
Гадаадын нэр хүнд бүхий сонин хэвлэл, вэб сайтуудад энэ талаар ид шуугиж байв. Тухайлбал Global Security Newswire, The Mainichi Daily News, CNN, BBC, Ройтерс, Известия зэрэг нэр нөлөө бүхий мэдээллийн хэрэгслүүд “Монгол улсад гадаад улс орнуудын цөмийн хог хаягдлыг булшлах тухай гэрээ хэлэлцээрийг Монголын албаны хүмүүс гадны зохих түвшний хүмүүстэй албан бусаар хийж байна” гэсэн мэдээллүүд гарсан юм.
Түүнчлэн Японы Майничи сонин долдугаар сарын 19-ний дугаартаа Япон, АНУ болон Монголын гэрээ батлагдах шатандаа орсон тухай мэдээлсэн юм. Уг мэдээнд “Монгол улс цөмийн хаягдал түлшийг буцаан илгээх эцсийн цэг мөн гээд ураны түлшээ бусад орнуудад экспортлоод тэндээс гарах хаягдлыг нь буцаан авч нутагтаа булшилдаг манай гаригийн анхны тогтолцоог Монголд байгуулна” гэхчилэнгээр бусдын анхаарлыг Монгол руу чиглүүлж байв.

Тэгвэл Японы “The Mainichi Daily News” сайтын өчигдрийн дугаарт Монгол улс цөмийн хог хаягдлыг нутагтаа булшлахаас татгалзсан гэх мэдээлэл гарчээ. Уг мэдээлэлд “Дотоодын хүчтэй эсэргүүцлийн улмаас Монгол улс өөрийн нутагтаа цөмийн хаягдал булшлах болон устгах байгууламж барих төлөвлөгөөнөөсөө татгалзаж буйгаа аравдугаар сарын 14-нд зарлалаа” хэмээжээ. Түүнчлэн Токио, Вашингтоны зүгээс Монгол улс ийм шийдвэр гаргах байх хэмээн таамаглаж, болгоомжилж байсныг нь дурьдсан байна.
Мөн “Энэ нь цөмийн хаягдал булшлах олон улсын нэгдсэн байгууламж эх орондоо барих саналаас буцаж буй сүүлийн тохиолдол боллоо. Үүнээс өмнө 2002 онд Австрали дотоодын хүчтэй эсэргүүцлийн улмаас цөмийн хог хаягдлыг дотооддоо булшлах төслөөс татгалзсан билээ.
2010 оны есдүгээр сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Даниель Понеман Монголд айлчилж энэ талын яриаг анх эхлүүлжээ. Харин албан ёсны хэлэлцээр энэ оны хоёрдугаар сард Вашингтон хотноо Монгол, Япон, АНУ-ын албаныхны дунд болсон гэдэг.
Сүүлд Монголоос энэ төрлийн бүтээгдэхүүн авах хүсэлтэй АНЭУ хэлэлцээрт татагдан оржээ. Тиймээс тус улсын Эдийн засаг, худалдаа, үйлдвэрлэлийн сайд Банри Кайедад долдугаар сарын эхээр Д.Понеман Засгийн газар хоорондын албан бичиг илгээсэн байдаг” гэхчилэнгээр Монгол улс хийгээд цөмийн хог хаядлын талаар дэлгэрэнгүй дурьдсан байжээ.

Түүнчлэн энэ талаар Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ асуудалтай холбогдох албан байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж албан ёсны хариулт авсан талаар ч дурьдсан төдийгүй Гадаад харилцааны яамны Цөмийн эрчим хүчний асуудал эрхэлсэн тусгай үүрэг гүйцэтгэгч А.Ундрааг хоёрдугаар сарын 3,4-ны өдрүүдэд Вашингтон хотноо болсон гурван улсын хэлэлцээрт Монголыг төлөөлж оролцсон гэх “хэргээр” албан ажлаас нь харсан хэмээн бичсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ