
Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид энэ сарын 16-18-ны хооронд Арабын нэгдсэн Эмиратын Абу Даби хотноо болох Гран-При тэмцээнд оролцож байгаа. Уг тэмцээнд Монголоос эрэгтэй ес, эмэгтэй дөрөв, нийт 13 тамирчин оролцож байгаа бөгөөд өчигдөр тэд анхныхаа медалийг авчээ.
Тэмцээн гурав хоног үргэлжлэх бөгөөд тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жинд аваргууд тодорлоо. Энэ өдөр Монголын баг тамирчдаас 60 кг-д Д.Амартүвшин, Г.Болдбаатар, 66 кг-д С.Мияарагчаа, эмэгтэйчүүдийн 52 кг-д Гавьяат тамирчин М.Бундмаа, 57 кг-ын жинд Д.Сумъяа нар зодоглосноос Г.Болдбаатар мөнгө, С.Мияарагчаа, М.Бундмаа нар хүрэл медаль хүртлээ. Ингэснээр шигшээ багийн шинэ дасгалжуулагч О.Балжиннямын удирдлага дор Монголын цагаан өмсгөлтнүүд эхний өдрийн дараах байдлаар медалийн чансаагаар зургадугаар байрт бичигдээд байна.
Түрүүлсэн тамирчинд 200, мөнгө, хүрэл медалийг 120, 80 оноо дагалдах тус тэмцээнд дэлхийн 61 орны 370 гаруй тамирчин оролцож байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ