
Гурван жилийн өмнө дэлхийн эдийн засгийн хямралд өртсөн Монгол Улс чөлөөт зах зээлд суурилсан эдийн засагт шилжсэнээсээ хойш түүхэндээ анх удаа хямралыг “импортлосон” тухай эдийн засагчид, шинжээчид тодотгон ярьж, бичиж байсан билээ. Тэгвэл дэлхий дахины эдийн засаг дахин хямарч магадгүй энэ үед хоёр дахь удаагаа хямралыг импортлох уу гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. Цөөн нэр төрлийн ашигт малтмалын экспортын орлого болоод гадаадын шууд хөрөнгө оруулалтаас хамаарсан эдийн засагтай манай улсын тухайд дэлхий хямарлаа бол зайлшгүй сүрд нь дарагдана гэдгийг эдийн засагчид хэлж буй. Гэхдээ нөгөө талаас нь дэлхийн эдийн засгийн хямралын тодорхой шалтгаануудыг авч үзвэл манай улс хямралыг импортлохын зэрэгцээ дотоодын улстөрчдийнхөө буянаар нэмээд “үйлдвэрлэчихэж” ч мэдэхээр дүр зурагтай. Яагаад гэдэг асуултад хариулахаасаа өмнө дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг цухас дурдах нь зөв биз ээ.
Дэлхийн эдийн засгийн хөтөч мэт үзэгдэх хөрөнгийн захуудын өнгө нааштай, голлох индексүүд биржийн самбарын ногоон зурвас дээр эгнэн үзэгдэвч, ирэх арваннэгдүгээр сард товлогдсон Их 20-ийн дээд хэмжээний уулзалт эерэг үр дүнг дагуулах уу гэсэн хүлээлт хүчинтэй хэвээрээ байна. Зургаан мянган ам.доллар луу уруудаад байсан тонн зэс Лондоны бирж дээр 7500 ам.доллар луу өгсөж, унц алт 1700 ам.долларыг шүргэж, баррель түүхий нефть Нью-Йоркийн бирж дээр 90 ам.доллар тийш зүглэж, ерөнхийдөө өсөлтийг үзүүлж яваа ч, зах зээлд оролцогчид сэрэмжилсэн хэвээрээ байна.
Тэргүүлэгч орнуудын эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй, удирдагчдынх нь амнаас унасан үгс хөрөнгийн захууд дээрх хувьцаануудын ханшийг өгсөж, уруудуулан яг л хаврын тэнгэр шиг ааш аягийг үзүүлэхийн зэрэгцээ тоглоом хийж буй мэт дүр зурагтай. Өдгөө уур амьсгал аядуу мэт байгаа нь жил жил дамнан буглаж явсаар эцэстээ ил харагдахаас өөр аргагүй болсон Европын орнуудын өрийн асуудлыг шийдвэрлэхүйц, шаардлагатай санхүүжилтийн урсгалыг чиглүүлэхүйц нааштай арга замуудыг ойртуулсан, тодорхой хэлбэл нэгдсэн ойлголцолд хүрэх гэж байгаа мэт дүр зураг Их 20-ийн цэвэр санхүүгийн салбарын эрхмүүдийн чуулсан уулзалтаас үзэгдсэнтэй холбогдоно.
Цаашлаад байдал энэ янзаар нааштай үргэлжлэх үү гэдгээс гадна зөвхөн гал унтраах төдий бус үүссэн нөхцөл байдлыг ултай шийдвэрлэх арга замуудыг тодорхойлж чадах уу, ерөөс юуны учир ингэтлээ хүндэрсэн билээ гэдэг нь асуудлын цөм. Тэгээд авч үзэхээр улстөрчдийн шийдвэрүүд аливаа улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойлж байдаг нь эрхбиш ойлгогдоно. Европ дахины орнууд Грек зэрэг нь өрөндөө баригдаж хямарсаны гол шалтгааныг энгийнээр тайлбарлахад улстөрчид нь улсын төсвөө хэт үрэлгэн байдлаар батлаад зогсохгүй, илүүдсэн их зарлагыг гаргаж явсаар, эцэстээ бодит эдийн засагт баялаг бүтээгчид нь эрс цөөрч, нийлүүлэлт багасч, эрэлт нь өсч, тогтворгүй байдал газар авч, хөрөнгө босгох гол хэрэгсэл үнэт цаасууд нь үнэгүйдэхэд хүрсэн аюул заналхийлээд байгаа.
Тэгвэл Монголын улстөрчид зориудаар төсвийн орлогын хэмжээнээс илүү ихийг шаардсан алдагдалтай төсвийг батласан шийдвэрүүдийг жил жилд үзэглэж байгаа нь эхэнд өгүүлсэнчлэн эдийн засгийн хямралыг гадны улсуудаас импортлохын зэрэгцээ өөрсдөө “үйлдвэрлэчихэж” мэдэхээр байна гэсэн зүйлийг ярихаас өөр аргагүй байдалд хүргээд байгаа юм.
За яахав. Хэрэв төсөв алдагдалтай байвал Засгийн газарт зээл авах, бонд гаргах, мөнгө хэвлэх гэхчлэн тодорхой арга замууд бий гэж харж болох л юм. Тэгвэл хэт үрэлгэн байдлаасаа үүдэн хямралд нэрвэгдээд байгаа Европын орнуудын тухайд яг ийм арга хэмжээнүүдийг өнгөрсөн хугацаанд аваагүй биш авсан. Гэсэн ч нэгэнтээ эрсдэлтэй зах зээл гэдэг нь дэлхий нийтэд тодорхой болсон тул өнөөдөр тэднийг аврахын тулд тэдний бондыг авахаар зориглож байгаа талууд хаана байна вэ. Евро бүсийг аврахын төлөөх триллионоор хэмжигдэх хөрөнгө шаардагдах төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд 600 тэрбумын эх үүсвэр хэрэгтэй байна хэмээн учирлаж, Хятад тэргүүтнээс тусламж хүсээд буй ОУВС ч үнэн хэрэгтээ энэ эрсдлийг дангаараа үүрэхэд бэлэн байна уу гэсэн асуудал бий. Тэрчлэн Грек улсад дахин туслах эсэхдээ ихэд нухацтай хандаж буй Герман улсын Сангийн сайд эл хүндрэлийг давахын төлөө ОУВС нэмж хөрөнгө оруулахын эсрэг байгаагаа илэрхийлсэн байтал Их 20-ийн ирэх сард болох дээд хэмжээний уулзалтаас гарах үр дүн нь тус сангийн хөрөнгийг нэмэгдүүлж аврах ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэнэ гэхчлэн талуудын байр суурь янз бүр байна. Энэ нь хямарч үзсэн дэлхийн улс орнууд дахин хямралтай тулахад нийлж нягтраад давах боломж тааруу байгааг илэрхийлнэ.
Уул уурхайгаас орж ирж байгаа өнөө маргаашийн урьдчилгаа төлбөрүүд, хөрөнгө оруулалтын урсгалдаа хэт дулдуйдсан Монголын улстөрчид үүнээс сануулга авах л ёстой. Магадгүй, манай улсын гол хамааралтай эдийн засаг болох Хятадын эдийн засаг харьцангуй тогтвортой өсөлттэй байгаа учир бид ч бас харьцангуй тогтвортой байх болно гэсэн найдвар бий байх. Хэдийгээр Хятадын эдийн засаг тэгтлээ унахгүй байх гэсэн прогнозыг шинжээчид хийж буй ч, энэ нь хямрахгүй гэсэн баталгаа болж дийлэхгүй бөгөөд цаашлаад хямарлаа гэхэд вакумжуулсан маягийн дотоодын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн, түшиглэсэн бодлогыг тус улс дагнан бариад явбал бидэнд эрсдэл илүү ойрхон ирнэ л гэсэн үг.
Энэ мэтчилэн аваад үзэхэд глобаль хамаарлаас үүдэн хямархаасаа урьтан өөрсдөө хямрал үйлдвэрлэхгүй байхыг улстөрч эрхмүүд анхаарах ёстой мэт. Ихээхэн алдагдалтай төсөв батладаг, нэмж тодотгоод алдагдлыг нь нэмдэг, тэрийгээ нөхөхийн тулд зээл авдаг, эргүүлээд төлөхийн тулд цаашлаад иргэдийн нуруун дээрх татварын ачааг улам хүндрүүлэхээс өөр гарцыг олж чадахгүйд хүрдэг. Ерөөс төсвийн зардлаа хумихгүй нэмсээр инфляцийг хоёр оронтой тоон дээр хадчихвал юуных нь сайн байх билээ.
Э.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ