Харлаг тэх, шаазгай алаг угалзын анчны яриа

img

Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Т.Шатарбал гуайтай арваад жилийн өмнө уламжлалт Байгаль хамгаалах сарын үеэр танилцаж билээ. Нас сүүдэр 80 хэвийсэн ч алхаа гишгээ хөнгөн шингэн, нүд гэж чухам л дуран гэсэн үг.

 Аргагүй л насаараа ан ав  хөөсөн хүний нүд ажээ. Тэрээр 1970-аад оноос гадаадын том зочид төлөөлөгчдийг дагуулж Монгол орныхоо байгалийн үзэсгэлэн, ангийн гайхамшгийг үзүүлж явсан хүн. Өвгөн анчинтай хөөрөлдсөнөө эргэн дурсвал үнэхээр сонин.

-Анх таныг ангийн тэнгэр хэзээ ивээж, ямар ангаар ганзагаа мялааж байсан бэ?

-1938 оноос амьдрахын эрхээр ан хийж эхэлсэн. Би долоон настайгаасаа хүрээ хийдэд шавилан сууж, шашны сургуулиа дүүргээд ламын дамжаа гээч юмыг тавьж гэвш боллоо. Гэтэл нэг өдөр манай аавыг эсэргүүн гээд баривчилж аваад явчихдаг юм байна. Тэгээд гэр, байшинг маань битүүмжилж, улсын мэдэлд авлаа гэж хэлсэн. Аль ч учрыг нь ойлгосон юмгүй аргаа бараад явж байтал таньдаг хүн харагдахаар нь дуудлаа. Тэгсэн чинь “Миний морийг унаад яв, ээж дээрээ шалавхан оч” гэлээ. Морийг нь унаад хөдөө ээж дээрээ очтол нөгөө хүмүүс чинь бас тэнд оччихсон байж. Юу ч үлдээсэнгүй, мөн л бүгдийг нь хурааж аваад явлаа. Ээж “Чи олигтойхон дээл өмсөхгүй яав. Нэг муу хуучин дотортой дээлтэй хоцорчихлоо” гэж байна. Тэгээд бид хөрөнгөө хуу хураалгачихаад юу ч үгүй хоцорлоо.

Тэгсэн хүргэн ахын аав нь хэлж байна. “За хүү минь одоо ан хийж сурахыг бод, өөр аргагүй боллоо чи. Арван өдөр явахад заавал нэг өдөр цатгадаг” гэдэг юм байна. Би дотроо арав хоног яваад ганц өдөр цадна гэдэг ч энэ хөгшний дэмий үг юм байна даа гээд хүлээж авсангүй. Гэтэл надтай хамт хүрээ хийдэд сууж байсан Баа¬вар нэг өглөө буу барьчихаад хүрээд ирлээ. “За хоёулаа зээрэнд явъя. Ан хийж, гөрөөс алж суръя. Би хүний буу гуйгаад ирлээ” гэв. Тэндээс холгүй зээр зайгүй бэлчиж байдаг юм. За яаж бууддаг юм бол гэтэл хойд сэтэрхийгээр нь хараад урагш нь тааруулж байгаад бууддаг юм гэж нөгөөх маань зааж өгөв. Тэгээд хонины хөсрий толгой бил үү, нэг юм босгож байгаад буудсан чинь тас цохиод хаячихлаа. За ер нь болох юм байна хэмээн бодогдлоо. Хоёулаа зээрэнд явлаа. Мал таширлаж очоод би ч нэг буудлаа. Өнөөх чинь ч бас буудлаа. Хоёулаа хоёр зээр унагачихлаа. Тэгэхэд хоршоо зээр авдаг байсан юм. Хоёр зээрээ бүтнээр нь аваад харилаа. Орой нь агентын хүн ч хүрээд ирэв. Тэгээд өгсөн чинь долоон төгрөг болдог юм байна. Баярласан ч гэж жигтэйхэн. Цаашдаа ан хийж болох юм байна гэж бодоод хоёр төгрөгөөр нэг хайрцаг сум авлаа. Өнөөх сумаа өвөртөлчихөөд орой нь холын хамаатны айлд очлоо. Тэр хүний эхнэр бид хоёр садан болох улсууд юм. “Би зээр хөөцөлдье. Та буугаа өгөөч” гэтэл “За битгий дэмий юм хэлээд бай. Чадахгүй муусайн барлагууд. Баавар нэг юм үүрч яваад байсан. Чи дут” гэсэн чинь эхнэр нь хажуунаас “Үгүй чи ядарч байхад нөхрийн чанар гэдэг. Буугаа өг өг, аваад яв” гэж хэлж байна. Буутай болсон хүн чинь зээр ихтэй хөтөл дундуур яваад нэгийг алчихлаа. Ингэж л ан хийж эхэлсэн . Манай ахын хавх гэрийн гадаа л хэвтэж байдагсан. Тэрийг нь хээр тавьчихаад өглөө нь үзсэн чинь чоно орчихож. Тэгж анх чоно авласан юм даа.

-Та ер нь алсдаа ан хийж амьдаръя гэж бодов уу, аль эсвэл мал ахуйтай болъё гэж зорьсон уу?

-Малаа ч маллаад, ангаа ч хийгээд явдаг байлаа. Хээр ч хамаагүй хононо доо. Тэгж байтал цэрэгт явах боллоо. Таван жил цэргийн алба хааж ирчихээд агент хийж, бас багийн даргаар сонгогдоод, дараа нь бригадын дарга болсон. Нэгдлээс 200 адуу тасалж авч адуучин болчихоод хольж хутгаж л явлаа.

-Цэрэгт хаана, хэдэн онд алба хаасан бэ?

-Би 1940-1946 он хүртэл Завханы 32 дугаар морьт хороонд. Анхны жил Завханы даргын сургуульд өвөл мориор наяад хүн явж байсан болов уу. Тачигнасан хүйтэнд хамар, амаа хөлдөөсөн цэргүүд Хөхморьт суманд очсон. Тэндээсээ морио сольж гурав хоноод цааш Булган руу гарлаа. Хажуу-Улаан даваанд бас их цасан шуургатай. Цаашаа Булган сумын Хаат, дараа нь Уушиг гэдэг газар очиж хоёр гурван сар хориглож хэвтлээ. Харин цаг дулаарсан байлаа. Халуун наранд хээр хэвтэх нь бас л хэцүү байсан. Тэгтэл Дорж генерал очиж, дахиад цаашаа Булган уруу явах боллоо. Тэнд бүр Хэнтийгээс мориор цэргүүд ирчихсэн, цэргийн их хүч цуглуулаад Булганы Улиастайд байрлаж байлаа.

-Хэдийгээр ан авд их явж, шагайснаа алддаггүй байсан ч хүний өөдөөс буу шийрлэнэ гэдэг хэцүү байсан байлгүй?

-Намайг алчихна гэж огт боддоггүй байсан. Ямар учиртай юм, бүү мэд. Ямар ч л байсан буудуулчих вий гэсэн бодол тэр үед байгаагүй юм. Дарам гэж их сайн бууддаг, манай тасгийн пулемётын наводчик байсан. Би тэр хүнд команд өгч буудуулдаг байлаа. Тэр нь минутад 650-700 сум гаргадаг буу байсан юм. Дарам ер нь сум алддаггүй. Нэг удаа “Бид хоёр энэ окопондоо л үхэх юм байна. Амьд гарвал хоёулаа ах дүү болъё” гэж хэлж байсан. Ховдын Дарви сумын хүн л дээ. Сүүлд аргагүй л хуурай ах дүү бололцсон доо. Амьтны ан тасалж явсан болоод ч тэр үү дайсныхаа өөдөөс буу шагай¬хад тэвдэж байгаагүй ээ.

-Нэг өдөр олон ав хийгээд шуугиулж явсан цаг бишгүй л тохиолдсон байх.

-Нэг удаа гөрөөсний анд явж, арьсыг нь цуглуулж тушаах даалгавартай хэдүүлээ мордлоо. Тэгээд Хөшөөтийн нүүрсний уурхайн орчимд очвол гөрөөс их элбэг. Цуг явсан зургаан хүнээсээ би ганцаараа 21-ийг агнаж, бусад нь ганц хоёрхонтой. Зарим нь бүр хоосон ирж байсан.

-Анчдад адал явдалтай юм зөндөө тохиоддог шүү дээ. Хөгтэй ч гэх юм уу, сургамжтай ч гэх юм уу?

-Одоо ер гарсан өндөр настай ах минь бий. Бид хоёр ан их хийдэг байлаа. Нэг удаа Сэнжийн нуруун дээр гарав. Далайн төвшнөөс 4000 м дээш өргөгдсөн газар. Тэгтэл хадны ёроолд дөрвөн чоно хэвтэж байна. Хүрэх газаргүй шахам, баруунаасаа салхитай байлаа. Наанаас нь явах гэхээр үргэнэ. Би цаанаас нь очихоор юм боллоо. Уг нь хоёр гурван цаг явах газар байтал цаг хүрэхгүй яваад оччихлоо. Тэгтэл наана нь гурван чоно, цаана нь нэг чоно хэвтэж байна аа. Бүр ил байсан нэг чоныг буудтал шороо пурхийгээд алга болчихлоо. Гэтэл төдөлгүй миний байсан хамар дороос гараад ирэв. Үлдсэн хэдийн эхний чоныг буудтал унаад өглөө. Дараагийнхыг нь бас унагачихлаа. Дахиад түрүүчийнхээ буудсан чоныг буудтал аваад хаячихлаа шүү. Ингээд гурвууланг нь унагаачихаад байтал нэг нь харин харагдсангүй. Бид хоёрын хамгийн сүүлчийн ан байсан юм даа. Тэр л одоо их сайхан санагддаг юм.

Манай суманд Багалжав гэж дарга байсан. Тэр хүн урт эвэртэй угалз, тэх агнаж ир, музейд тавина гэдэг юм байна. Тэр үед тэхийн эврийн урт, богиныг нэг их тоодоггүй байлаа. Холоос хэдэн юм байхаар нь буудтал хоёрыг унагачихлаа. Тэгээд үзтэл нэгнийх нь эвэр бүр долоон төө болов. Тэгтэл нэг метр 43 см байж. Аймаг руу явуулчихсан чинь хожим Унгарт болсон олон улсын үзэсгэлэнгээс нэгдүгээр байр эзэлж, алтан медаль хүртэж гэнэ гэж хэлж байсан. Аргаль, янгирын нас гүйцсэнийг нь харлаг тэх, шаазгай алаг угалз гэдэг юм. Тийм л амьтны нэг байсан даа. Мөн ойн цоорхойд над руу үсрэхээр биеэ хураагаад байсан ирвэсийг гэнэт харж, зүрхэн тус газар нь буудаж алсны дараа өвчиж, арьсыг нь өргөхөд сүүл нь газарт мушгирч байж билээ.

-Ганзага нийлдэг байсан анчид олон биз дээ?

-Манай нутгийн уул ус ан хийхэд их хэцүү. Өндөр цавчим Мянган угалзат гэж том уул бий. Угалз дандаа байж байдаг. Наанаас нь хүрч болдоггүй. Бэлээс нь харахад угалзнууд нь бүрхчихсэн байдаг. Буудах болохоор хаашаа ч хамаагүй зайлчихдаг. Одоо дүрвээд их ховордсон гэнэлээ. Лав л 500 угалз Баянхонгор уруу явсан гэсэн. Дээр үед чинь хорио цээргүй байсан болохоор зусланд буусан айлууд намайг угалзанд явуулна. Алсан угалзныхаа махыг айлуудад тарааж өгөөд сайн анчин нэр хүртэл авч байлаа. Нэг үе нэгдэл нийгмээс чоно алсан хүнд хонь, эсгий өгч байхад олон чоно цааш нь харуулсан даа. Манай Цэцэг сумын нутгийн зүүн талд чонын тоо эрс цөөрөн. Хаа нэг харагдвал хүмүүс ирж дуулгана. Араас нь явахад ер нь авчихна шүү. Заримдаа олуулаа нийлж, үргээлэг хийнэ. Гол төлөв ганцаараа буу сум, хутга, цай давсаа ганзагалж аваад хэд хоногоор явна. Чонын гүйдэл тосох цагт шөнө босоод үүрээс өмнө очих газартаа хүрчихээд цаг өнгөрч өгөхгүй хүлээж зогсдог байлаа. Би өвөл ч гэсэн хөлд хөнгөнөөр нь савхин гутал өмсөнө. Хөл даарахын зовлон үзээгүй дээ.

-Таныг гадаад орны төрийн томчууд, анчдад олон удаа газарчилж ан хийлгэдэг байсан гэсэн

-Далаад оноос эхэлсэн юмдаг. Анх аймгийн хэсгийн төлөөлөгч Бөхчулуун гэдэг хүн дуудаж байна гэсэн. Хэрэг хийгээгүй дээ гэж бодоод очсон чинь гадаадын анчидтай газарчнаар яв гэлээ. Тэгэхээр нь “Надад боловсрол, хэлний мэдлэг байхгүй, Би улсын нэр гутаачихна” гэж хэлтэл “Зүгээр, чи явах хэрэгтэй, косчоом бий юу. Үнэртэй ус хэрэглэдэг үү” гэж байна. Үгүй л гэлээ. “Дарга аа би ер нь явж чадахгүй байх аа. Үнэртэй ус ч хэрэглэж чадахгүй” гэтэл “Харин чи явах ёстой. Нэг угалзаар манайх 15 хөнгөн тэрэг авна гэсэн үг. Чи улсдаа хувь оруулах хэрэгтэй” гэж байна. Тэгээд очих ёстой газрынх нь багцаанд морьтой хүлээж байтал манай сумын дарга 69-тэй ирж зогстол дотроос нь зэвхий саарал хувцастай нэг хүн гарч ирсэн нь гадаадын анчин нь байж. Бага Мянган гэдэг газар очтол гуч дөчөөд угалз хэвтэж байна. Хэлмэрчээр нь дамжуулан асуувал алахад бэлэн байна гэлээ. Би бол эврийнх нь том жижгийг мэдэхгүй. Тэгтэл нэг угалз наашаа босоод ирж байсныг нь харвал шаазгай алаг угалз яах аргагүй мөн. Өнөөхийг чинь бууд, бууд гээд буудуултал унагачихсан. Баярлаж байна гэж жигтэйхэн.

-Хэдэн орны анчидтай ганзага нийлүүлж явав даа?

-Газар газрын анчдад хориод жил газарчилж явлаа. Америк, Англи, Иран, Ирак, Япон, Итали гээд янз бүрийн орны хүмүүс ирнэ. Ираны шейхтэй хүртэл явж байлаа. Далаад оны үед л юмдаг. Дээд шүүхийн дарга Содов гэдэг хүн дагуулж ирээд гэр бараа барьж өгсөн. Нэг шөнө хөнгөн тэрэгтэй хүн давхиж ирээд намайг тэхийн анд дагуулж явна гэхээр нь цааргаллаа. Цаад хүн нь угалзанд явахгүй гэсэн юм гэнэ лээ. Гэтэл сумын дарга, намын үүрийн дарга хоёр дахин дуудуулснаар нь очвол Даваа дарга их л хатуурхаж “Хэрэгтэй юмыг чинь бэлдэж өгье. Сэнжийн нуруун дээр Лхагваа гэдэг хүнтэй хүлээж бай” хэмээн тушаалаа. Тэр өдөр цасаар шуурч хөлдөөчих шахав. Би муу нохойн арьсан дахаа хөдрөөд зогсч байтал нэг 69 машин харагдахаар нөгөө хаан нь ирж байгаа юм болов уу гээд очтол өмнөөс гарч ирсэн хүн нэр ус асуугаад “Цэдэнбал даргын урилгаар ирж байгаа зочин шүү. Гөрөөс хаана байна” гэхээр нь “Тэр уулын цаана байна” гэчихэв. Тэнгэр онгойхоор нь Бэ¬рийн улаан хадан дээр гараад дурандтал цаад дор нь жар далаад янгирын сүрэг бэлчиж байна. Нөгөө¬дүүл чинь заалгасан хэрнээ эхлээд харахгүй байснаа гэнэт үзчихээд алах арга байна уу л гэж байна. Байна байна гэлээ. Тэгсэн чинь машинаас угтаж буусан түрүүчийн хүн “Чамайг тэх алуу¬лахгүй бол тэр улаан хаднаас дүүжилж ална шүү” гэж байна. Мөрөөрөө байгаа хүнийг дүүжилдэг хууль манайд бий бил үү. Яасан онгироо нөхөр вэ гэсэн шүү юм бодогдлоо. Төдөлгүй намайг машиндаа суулгаад нэг гэр, хоёр асар барьсан, баахан машин тэрэгтэй газарт аваачтал нөгөө Бөхчулуун төлөөлөгч ч хүрээд ирчихэж. Надад цай уулгаад анчинтай уулзанаа гэв. Тэгэхээр нь би “Сайн байна уу? гэж мэндлэх үү. Гар барих уу, яах вэ” гэсэн чинь “Мэндэл. Гараа сарвайвал бариарай” гэж байна. Машины хажууд саарал хувцастай, бахим хүрэн эр зогсч байхаар нь дөхтөл өөдөөс шаатан шаатан гэж хэлээд л учиргүй инээсэн чинь өмнө нь миний газарчилж явсан анчин хаантайгаа цуг ирсэн юмсанжээ.

Тэх байгаа газарт очоод хоёр морь хөтлөгчөөрөө эргүүлүүлж нөгөө анчин¬даа дөхүүлж өглөө. Бид ч сэжиг ава-хуулахгүйн тулд холхон сууж байтал нэг харлаг тэх ажиг ч үгүй цас үмхлээд арваад метр ойртохын алдад буу ч тас-хийлээ. Нөгөөх тэх өнхрөөд л явчихлаа. Дахиад буу тасхийв. Бас нэг өнх¬рөөд явчихав аа. Дахиад бас буун дуунаар нэг нь өнхөрлөө. Дөрөв, тав дахиа ч буудав. Тэгсэн чинь урд тал руу нь хоёр, хойд руу нь гурав, нийт таван тэх унагачихсан байна. Тэгээд гэр, асар дээрээ ирээд архи, тамхийг авдар авдраар нь тавьж байгаад шөнөжин найрласан. Цэцэгт онгоц буухгүй болохоор Мөст сум руу цагаан онгоц дуудууллаа гэж ярьцгааж байсан. Хааныг нь газарт гишгэдэггүй, дандаа өргүүлж явдаг юм гэж сонсч байсан ч хөнгөн шингэн залуухан хүн байсан.

-Гадаадын хүмүүс ангаа хийчи¬хээд их баярлаж хөөрдөг байсан уу?

-Өө асаагуур, тамхи, ганц нэг шил архи өгнө л дөө. Харин “доллар гэдэг юмыг авч болохгүй. Авбал контрбанд болно, чамайг шоронд хийнэ шүү” гэж Бөхчулуун дарга хэлсэн. Зарим нь хутга, цагаа өгнө. Надад олон тонгорог өгснийг нь тараачихсан. Нэг анчин өвөр руу гараа хийх гээд байхаар нь гаансыг минь авах гээд байгаа юм болов уу гээд гарыг нь цааш нь түлхээд байсан чинь 100 доллар хийчихсэн байсан. Хааяа нэг өгсөн хэдэн долларыг нь жолооч нар таван төгрөгөөр бодоод голдуу сольчихно. Тэд сүүлдээ бүр амташчихсан.

Нэг удаа их сайхан зантай итали ирсэн. Сав л хийвэл инээгээд цай, тамхи өгнө. Угалзын анд явж байсан юм. Багашаахан хэдэн угалз тааралдсан чинь томоохон юм буудвал сайн байна гэж хэлмэрчээрээ хэлүүлэхээр нь хол газрын сайхан зантай хүн юм даа гээд овоо юм буудуулсан. Тэгсэн чинь учиргүй баярлаад надад дурангаа өгсөн нь одоо ч бий. Харин гадаадынхныг дагаж явсаар сүүлдээ кофенд нэлээд дуртай болсон.

-Монголыг зорьж эмэгтэй анчин ирж байв уу?

-Ирэлгүй яахав. Нөхрөө дагасан хүүхнүүд ч ирдэг байсан. Нэг америк анчин хүүхэн ашгүй том угалз унага¬чихаад явахдаа надад хэрэглэж байсан нүүрний тос, хутга, бас нэг сайхан жинсэн өмд өгсөн. Нутгийнхан америк авгайн өмд авчихаж гэж хэлнэ дээ гэж бодоод нууж аваачаад шатаачихаж байсан. Хожим дүү нар Америкийн “Монтана” гэдэг жинс байж шүү гэж төмөр зүүлтээр нь таньсан.

-Ан амьтны алив нэг эрхтэн, мах цус нь өвчин эдгээхэд тустай гээд бишгүй хэрэглэдэг.

-Янгирын цус даралт амархан буулгадаг. Шөлийг нь уусан шөнө л даралт буучихдаг. Хойлог шувууны мах шарх, ходоод дотрын өвчнийг дор нь эдгээдэг. Миний ходоод хээр явж бай¬гаад муудахаар нь гурав хоног хойлогийн мах идсэнээс хойш одоо хүртэл өвддөггүй. Хойлогт сайн, муу хоёр ходоод байдаг. Нэгэнд нь дан чулуу шороо, нөгөөд нь өвс ургамлын үр жимс. Хүмүүс тийм ийм өвчинд сайн гээд ангийн юм бишгүй л захиж байсан.

-Танд ер нь хийж үзээгүй ан бий юу?

-Хулан, буга хоёр агнаж явсангүй. Манай нутагт буга байхгүй л дээ. Харин дээр үед намайг нэг ламд үзүүлсэн чинь аль нэгэн анг цээрлэ гэхээр нь хуланг нэрлэсэн юм. Голдуу чонотой их үзэлцдэг байлаа. Үнэг ч миний дурны хэрэг байж.

-Анчин хүний морь бас арай онцгой хүлэг байдаг учиртай юу?

-Миний жороо алаг морь Цэцэг даяар алдартай. Өөр хүнийг ойртуулахгүй хэрнээ би адуун дээрээ явган очоод л хазаарлачихдаг байсан. Эгц цавчим хад асганд явж сурсан.  Намайг хээр гадаа хоноход дэргэдээс холдохгүй шүү дээ. Анчин хүн ер нь морио сул байлгадаг. Тэгэхгүй бол хүн, морь хоёрт амь дүйсэн тохиолдол тааралдана шүү дээ.

Х.Ариунбаатар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ene uvgud maani ang aluur bolgoj baigaagui. harin jinhene utgaar n guruulj yavsan hun baina daa. Angaa alahgui bl usduggui yumaa. Hulsulnu gej ch baidag yum.
2012-05-14
BAABGAI:
YARGACHIN IIM ZUNUSUN UBGUDIIG ODOO UILIIN UR NI HULEEJ BAIGAA DAA, ARIUNBAATAR SAIN SETGUULCH CHI IIM YUMNAAS ARAI UUR YU BICHIHIIG HUSUE.MUU ENERGTEI IIM ULSAAS HOLHON BAIGAARAI
2012-05-13
baahan aimtan alsan baagii bn shde
2012-05-13
Unen yaria bnaa. Mahai aav bas gadnyhantai hed heden udaa and yavj baisan. Anchin hun baisan. Yag l iim baisan.Ugalzand yavj baigaagui,Tehehd yavdag baisan
2012-05-13
baahan aimtan alsan baagii bn shde
nowshiin uvgun baina da chono bol mongolchuudiin tahij shutej irsen amitan bidnii etseg gesen ug
2012-05-13
hudalaa burdag hunii yaraa bndaa
2012-05-13
ясны сайн анчин ах байнаа. урт наслаж удаан жаргаарай
2012-05-13
H.Ariunbaatar ah aa bayrlalaa. Goy yriltslaga bn
2012-05-13
buga hotd orj ireed hog idej bsnig sanadag yum saihan bjde odo bogd uuland bdag bolow u 3 4 l bga bhda bodwol
2012-05-13
nowshiin uvgun baina da chono bol mongolchuudiin tahij shutej irsen amitan bidnii etseg gesen ug