Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Үйлдвэрчний эвлэлтэй хамтран ажиллахаар боллоо

img

МХЕГ-ын дарга Р.Содхүү, МҮЭ-ийн Ерөнхийлөгч С.Ганбаатар болон холбогдох албаны хүмүүс өчигдөр уулзалт ярилцлага хийлээ. Мэргэжлийн хяналтын байгууллага, Үйлдвэрчний эвлэлийн холбооны байгууллага хамтран ажиллаж, “Хөдөлмөрийн тухай” хууль, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль, “Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах тухай” хууль болон нийгмийн даатгалын багц хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хамтран ажиллаж байгаа билээ. Уулзалтаар байгууллага хоорондын хамтын ажиллагаа болон хийж бүтээсэн ажлаа дүгнэж, цаашид төлөвлөж буй ажлынхаа талаар хэлэлцжээ. Уулзалтын үеэр МҮЭ-ийн ерөнхийлөгч С.Ганбаатар “Хөдөлмөрийн харилцаатай холбоотой шинэчлэлийг дэмжиж байна. Мөн улсын байцаагчаас суралцаж өсөн дэвжиж байгаадаа баяртай байдаг. Саяхан хэд хэдэн уурхайгаар явж үзлээ. Мэргэжлийн хяналтын байцаагч нараас айж эмээх биш харин мэргэжлийн зөвлөгөө, тусламж авахаар хүлээдэг болсон” хэмээн онцолж байв. Мөн МХЕГ-ын дарга Р.Содхүү “Хүний аюулгүй байдлын асуудал яригдахаар хүнсний аюулгүй байдал, эрүүл байх асуудал, цаашлаад эрүүл зөв хөдөлмөрийн нөхцөлд ажиллах асуудал гарч ирдэг. Бид үүнд анхаарч ажиллах учиртай” гэлээ. Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажиллах нөхцөл, цалин хөлс цаашлаад хяналт тавьж буй хөдөлмөрийн улсын байцаагчдын ажиллах нөхцөлд анхаарал хандуулж ажиллахаар болжээ. Мэргэжлийн хяналтын байгууллага, Монголын үйлдвэрчний эвлэлийн байгууллага ажлын хэсэг байгуулан, хамтран ажиллах төлөвлөгөө гаргахаар болсон юм. Цаашид шинэ арга барил, хандлагаар хамтын ажиллагаагаа өргөтгөх тухай хэлэлцэн тохиролцлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ