Сэр Алекс Фергюсон: Премьер лигийг хаалттай болгоно гэдэг Английн багуудыг амиа хорло гэсэнтэй адил
Английн Премьер лигийн 20 багийн 10 нь гадаад эзэнтэй болсон. Тэдгээр гадаад эзэд ирээдүйд баг нь доод лиг рүү унахгүй, ашиг орлого нь буурахгүй байхын тулд Премьер лигийг хаалттай болгох санал хоорондоо ярилцах болжээ. Хэрвээ тус лигийн 20 багийн 14-ийнх нь эзэн Премьер лигийн тогтолцоог өөрчлөхийг зөвшөөрвөл Премьер лиг хаалттай болж, доод лиг рүү нэг ч баг унахгүйн зэрэгцээ доод лигээс нэг ч баг гарч ирэхгүй болох юм. Англи даяар ийнхүү хөлбөмбөгийн шинэ дуулиан дэгдсэнд “Манчестер Юнайтед”-ыг 26 дахь жилдээ удирдаж буй Сэр Алекс Фергюсон эхэлж дургүйцлээ илэрхийллээ. “Би Премьер лигийг хаалттай болгочихвол ямар багууд байхыг төсөөлөхгүй байна. Одоо доод лигт миний мэдэхээр агуу түүхтэй найман баг тоглож байна. Та нар тэдгээр багуудад “Хэзээ ч Премьер лигт тоглож чадахгүй ээ” гэж хэлэх гээд байгаа юм уу? Ийм алхам хийвэл Английн бусад багуудыг амиа хорло гэсэнтэй ялгаагүй. “Ноттингем Форест”, “Шеффилд Уэнсдей”, “Шеффилд Юнайтед” зэрэг багууд хэдхэн жилийн өмнө Премьер лигийн шилдгүүд байсан. Английн багуудын хувьд их мөнгө олж, нэр алдраа цуурайтуулж болох ганц газар бол Премьер лиг. Тиймээс бусад багуудад боломж олгох бүх замыг ингэж хааж болохгүй. Энэ бол лигийг хаалттай болгох биш Английн хөлбөмбөгийн багуудын хувь заяаг хааж буй хэрэг” гэж Сэр Алекс Фергюсон хэлсэн байна.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ