Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгөв
2010-12-01

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган Засгийн газарт сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг  чиглэл болголоо. ”Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр”, “Малын тэжээл”, “Экологийн цэвэр бүтээгдэхүүн”, “Сүү” хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд үнэлгээ өгч, нийслэл болон томоохон суурин газрын орчим сүүний чиглэлийн фермерийн аж ахуйг эрчимтэй хөгжүүлэхэд шаардагдах газар зохион байгуулалт, бэлчээрийн хуваарилалтыг шинэчлэн зохион байгуулах, сүүний фермерүүд хоршиж тэжээлийн ургамал тариалах, хадлан тэжээл бэлтгэж нөөцлөх, тэжээлийн болон даршны үйлдвэрлэлийг дэмжих, сүүний чиглэлийн үхрийн генефондыг сайжруулах, өсвөр үхрийг технологийн дагуу бойжуулах, сүү хүлээн авах, хадгалах, тээвэрлэх үеийн эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлийг сайжруулах, хуурай сүүний үйлдвэр байгуулах, сүү нөөшлөх технологи нэвтрүүлэх, сүүний нөөц бүрдүүлэх зэрэг чиглэлээр хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх; Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг хангах, хүнсний ногооны нэр төрлийг олшруулж, сортыг сайжруулах, усалгаатай тариаланг нэмэгдүүлэх, төмс, хүнсний ногоог боловсруулах, нөөшлөх үйлдвэрлэлийг өргөжүүлэх, агуулахын аж ахуйг хөгжүүлэх, үйлдвэрлэгчээс хэрэглэгчид шууд борлуулалт хийх орчинг бүрдүүлэн тэдний харилцан холбоог ойртуулах; Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдээс тавьж байгаа гаалийн албан татварыг нэмэгдүүлэх саналыг судлан санал боловсруулах арга хэмжээ авах; ”Чацаргана” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, жимс, жимсгэнэ тариалах, боловсруулах жижиг, дунд үйлдвэрийг дэмжин хөгжүүлэхийг зарлигт заасан байна. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөвт тусган 2011 оноос  эхлэх юм. Мөн Үндэсний үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүнийг эхний ээлжинд хэрэглэдэг дадал бий болгох, эх орныхоо хөрсөнд төмс, хүнсний ногоо, чацаргана, жимс, жимсгэнэ тариалж, хэрэглэгчдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангах шинэ болон уламжлалт технологийг нэвтрүүлж ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн байгууллага, малчид, тариаланчид, иргэдэд уриалсан байна. Н.Цэндээ

Shuud.mn
Сонин хачин