Бүтээн байгуулалтын ажлаа 2007 оноос эхэлсэн цагаас эхлэн хэл ам таталж, олон бүтэхгүй шуугиан тарьсан “Дүнжингарав” худалдааны төв ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад орохоор болжээ. Тус төв нь анх 2008 оны наймдугаар сарын 8-ны өдөр ашиглалтад орно хэмээн төлөвлөгдөж байсан ч нээгдэх гэж нэг сонгуулийн нүүр үзсэн. Сүүлдээ дампуурсан, ашиглалтад орохгүй, нийслэлийн цэнгэг усны нөөцлүүр дээр баригдсан, газрын зөвшөөрөлгүй хэмээн хэвлэлүүдээр бичих болсон. Тэр ч бүү хэл, саяхан нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тэргүүтэй хотын шинэ удирдлага метро байгуулах төслөө эхлүүлж, зөвшөөрөлгүй газар баригдсан барилга байшин, объектуудыг нэн яаралтай буулгана гэсэн шийдвэрийг гаргаад байгаа. Энэ шийдвэрээр УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн хэл ам татлуулан байж барьж байгуулсан “Дүнжингарав” худалдааны төвийн барилгыг буулгах объектуудын тоонд оруулсан аж.
Харин өчигдөр Монголын худалдаа үйлчилгээний хамгийн том цогцолбор гэгдсэн “Дүнжингарав” худалдааны төв удахгүй ашиглалтанд орох болсоноо зарлав. Тодруулбал, тус худалдааны төвийн төслийн зорилго, төлөвлөгөө, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө, ач холбогдол, түүнчлэн төслийн барилга угсралтын ажлын одоогийн үйл явц зэрэг олон талт мэдээллийг олон нийтэд үнэн бодитойгоор хүргэх, танилцуулах зорилгоор хэвлэл мэдээллийн салбарын 1000 сэтгүүлчийг оролцуулсан “Дүнжингарав” Худалдааны төвийн төслийн танилцуулга арга хэмжээг зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүд, ЗГ-ын сайдууд, тив дэлхийд монголынхоо нэрийг дуурсгаж яваа тамирчид болон холбогдох албаны хүмүүс оролцож, дэлхийд 10-т, монголдоо хамгийн томд тооцогдохуйц худалдааны төвийг бүтээн байгуулж буйд нь талархал илэрхийлж байв. Энэ үеэр мөн оролцсон хүн бүрт гарын бэлэг гардуулж , сэтгүүлчдийн дунд сугалаа явуулж, 100 сэтгүүлчид Хайнаньд амрах эрхийн бичиг гардуулсан.
Ямартаа ч, “Дүнжингарав” худалдааны төв ирэх оны нэгдүгээр улиралд эхний хэсгээ ашиглалтад оруулна, гүйцэтгэл 90 хувьтай явна гэдгээ мэдэгдсэн. Гэвч хот төлөвлөлтөд саад болсон гэх тус худалдааны төвийн ирээдүй цаашид хэрхэхийг цаг хугацаа харуулна биз ээ.
П.Наран