Лондон-2012 олимпийн наадмаас хойш харгалзах хүнгүй, харьяалах тамирчингүй явж ирсэн Үндэсний шигшээ баг нэг үеэ бодоход эзэнтэй болоход ойртжээ. Учир нь Спортын бэлтгэлийн төвөөс өнгөрсөн долоо хоногт дасгалжуулагчдын сонгон шалгаруулалтыг олон шат дамжуулан явуулж, өчигдөрхөн дүнгээ гаргасан бололтой. Гагцхүү тэдний дүнг Спортын яамнаас хэзээ батламжлах, хэнийг дэмжихийг хүлээх ажил үлдлээ.
Юутай ч бокс, жүдо бөхийн шигшээ багийнхан Лондон-2012 олимпийн наадамд амжилттай оролцсон тул удирдах бүрэлдэхүүнээ хадгалан үлдэх магадлалтай хэмээн эх сурвалжаас мэдээлж байна. Боксын шигшээг олимпийн аварга Э.Бадар-Ууган, дэлхийн аварга П.Сэрдамба нарын унаган багын багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг үргэлжлүүлэн ажиллах болж байна. Түүний удирдлагад Э.Сайнбилэг, Н.Эрдэнэбаяр нар багтах ажээ.
Жүдо бөхийн шигшээг жил гаруйхан ахалсан ч Ардын багш, гавьяат тамирчин О.Балжиннямд Рио-2016 олимп хүртэл даатгаж, гавьяат тамирчин Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од нарыг үргэлжлүүлэн томилсон бололтой.
Бээжингийн олимпийн циклд цоорч, Лондонгийнхоор унасан буудлагын дасгалжуулагч нар ч мөн хэвээр үлдэх нь. Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, дасгалжуулагч С.Адилбиш, Н.Ганхуяг нар ажилдаа үлдэнэ хэмээн ам дамжсан яриа байна.
Харин чөлөөт бөхийн шигшээ дээр чамгүй өөрчлөлт орж, ахлах дасгалжуулагчаар Б.Баяраа, Д.Батням нарын нэр дэвшжээ. Б.Баяраа 2007-2008 онд шигшээг ахалж явсан бол Д.Батням нь Лондон-2012-ын өмнөхөн шигшээ багийн массажистаар ажиллаж байсан, хоёулаа чөлөөт бөхийн спортын мастер цолтнууд гэх. Тэдний багт Монгол Улсын хошой гавьяат З.Дүвчин, Дарханы Ц.Баярсайхан, олон улсын хэмжээний мастер Л.Энхбаяр нарын нэр дуулдаж байгаа юм.
Шигшээ багт хичээллэх, төрөөс цалинжих тамирчдын сонгон шалгаруулалт ч явагдаад байгаа бөгөөд албан ёсоор хэдийд зарлах нь тодорхойгүй ажээ.
Э.Одонбат