Египетийн сөрөг хүчин эрх баригчидтай хэлэлцээ хийхээс татгалзав
2013-02-03

Египетийн сөрөг хүчний Улс үндсээ аврах фронт ерөнхийлөгч Мухаммед Мурситэй яриа хэлэлцээ хийхээс татгалзсан тухайгаа бямба гаригт мэдэгдэв. Тус эвслийн яаралтай хуралдааны дүнгийн талаар гаргасан мэдэгдэлд “Египетийн гудамж, талбайд цус урсаж байгаагийн  бүх хариуцлагыг төрийн тэргүүн хүлээх ёстой" гэж дурдсан байна. Улс үндсээ аврах фронтын удирдагчид  “Лалын ахан дүүс"-ийнхний харгис дэглэм, жанжлалыг эцэс болгохыг ард түмэнд уриалсныг дэмжиж байгаагаа бас албан ёсоор мэдэгджээ. “Одоогийн дэглэм египетчүүдийн хүсэл  эрмэлзэлд нийцэхгүй байгаа бөгөөд  жагсагчдын амь насыг бүрэлгэсэн ерөнхийлөгч болон энэ засгийн төлөөлөгчдийг шүүхэд шилжүүлэхийг бид уриалж байна” гэж мэдэгдэлд тэмдэглэжээ. Үүнээс гадна, өнгөрсөн баасан гаригт ерөнхийлөгчийн ордны дэргэд болсон хэрэг явдлын дараа тус фронтын удирдагчдын нэг Мухаммед Самийн мэдэгдсэнээр, улс төрийн бусад  хүчний хамт саяхан гарын үсэг зурсан “Аль-Азхарын  харти бичиг” гаргахаар шийдвэрлэсэн байна. Дэлхийд томоохонд ордог лалын  Аль-Азхар их сургуулийн имам, шейх Ахмед ат-Тейибтэй хийсэн уулзалтаар либерал үзэлтнүүд төдийгүй, лалынхны дэмжсэн энэ баримт бичигт хүчирхийлэл үйлдэхээс бүрэн татгалзахаар зааж, яриа хэлэлцээ хийхийг санал зөрөлдөөн, маргааныг шийдвэрлэх цорын ганц арга зам” гэж хүлээн зөвшөөрсөн юм. “Энэ тохиролцоо ямар ч утгагүй болж байна. Одоогийн дэглэмийг түлхэн унагаасны дараа л бид яриа хэлэлцээ хийнэ” гэж Сами хэлсэн байна. Баасан гаригийн орой Мурсийн “Аль-Иттихади” өргөөний дэргэд болсон мөргөлдөөний дараа лалын эрх баригчдыг эсэргүүцэгчид ийм хатуу байр суурь баримтлах болжээ. Энэ мөргөлдөөний үеэр нэг хүн амь үрэгдэж, зуу орчим хүн бэртэж гэмтсэн байна. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин