Нийслэлд 80 бага сургууль барихаар төлөвлөжээ
2013-03-15

Нийслэлд барихаар төлөвлөж байгаа 80 бага сургуулийн байршлын тухай Улаанбаатар хотын Ерөнхий Архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан дээр танилцууллаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 115 сургуульд 186.822 хүүхэд суралцдаг юм байна. Мөн жилд  дунджаар 20 мянга орчим хүүхэд шинээр сургуульд элсэн орж байгаа бөгөөд сургуулийн суудлын тоо хүрэлцээгүй, анги дүүргэлт тогтоосон нормативаас давж  сургалтын орчин болон чанарт сөргөөр нөлөөлж байна гэж албаныхан онцолж байна. Тиймээс нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг сайжруулах зорилгоор 80 бага сургуулийг шинээр барих шаардлагатай байгаа юм байна. 80 бага сургууль барих газрын байршлыг Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан 3 хувилбараар сонгосон байна. Тодруулбал одоо байгаа сургуулиудын газар дээр 29м х13 м хэмжээтэй, гурван давхар, 300 хүүхдийн сургууль байршуулан дэд бүтцэд холбогдох 7 байршлыг сонгон төлөвлөсөн байна. Мөн сууршил үүссэн гэр хороололд 3-6 хашаа чөлөөлж дэд бүтцийг бие даасан байдлаар шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. Ингэж барихын тулд урдчилсан төлөвлөгөөгөөр 260 хашаа чөлөөлөх 73 байршлыг сонгожээ. Гуравдугаарт гэр хорооллын дахин төлөвлөлт хийх 12 байршлын 4 байршилд бага сургууль барина гэж төлөвлөжээ. Удирдлагын зөвлөлийн гишүүд энэ асуудлыг хэлэлцээд, бага сургуулийн барилгын газрын байршил тогтоох асуудлыг улсын болон орон нутгийн төсвийн бодлогтой нягт уялдуудан судлаж, дахин нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин