Үндэсний статистикийн хороо хийсэн ажлаа дүгнэлээ
2010-12-31

Үндэсний статистикийн хорооноос жил бүрийн оны эцэст нийслэл, аймаг, дүүргийн статистикийн хэлтсийн дарга нар болон ҮСХ-ны удирдах ажилтнуудын оролцсон нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулдаг. Тус салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Монгол Японы төвд болсон.

Энэхүү зөвлөгөөнөөр улиран одож буй 2010 онд статистикийн салбарын хэмжээнд хийж бүтээсэн ажил үйлсээ үнэлж дүгнэн, ололт амжилт, алдаа оноогоо цэгнэн ярилцаж, ирэх онд тавьж байгаа зорилго, зорилтуудаа тодорхойлжээ. Үүний зэрэгцээ 2010 онд ажил үйлсээрээ салбартаа тэргүүлсэн орон нутгийн статистикийн хэлтсүүдээ шалгаруулснаа танилцуулж шагнал гардууллаа. Энэ онд үндэсний статистикийн салбарын оны шилдэг хамт олноор Орхон аймгийн статистикийн хэлтэс шалгарсан бөгөөд удаад нь Архангай, Өвөрхангай, Төв, Баян-Өлгий аймгийн статистикийн хэлтсүүд болон нийслэлийн Баянгол дүүргийн статистикийн хэлтэс тус тус шалгарсан байна.

2010 он статистикийн салбарынхны хувьд “завгүй” жил байлаа. Учир нь 10 жилд нэг удаа явагддаг Хүн ам орон сууцны улсын тооллогоо хийх, 2010 он “Албан ёсны статистикийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийн барианы жил тул хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, мөн Монгол Улсын статистикийн салбарын чадавхийг бэхжүүлэх Дэлхийн Банкны санхүүжилттай МОНСТАТ төслийг хэрэгжүүлж эхлэх гээд олон ажлыг амжууллаа. Үндэсний статистикийн салбарынхан 2011 онд Албан ёсны статистикийг хөгжүүлэх хөтөлбөрийн биелэлтээ УИХ-д тайлагнах, дунд хугацааны хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах, Хүн ам, орон сууцны тооллогын дүнг олон нийтэд тархаах, сэдэвчилсэн судалгаануудыг хийх, МОНСТАТ төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хэрэглэгчдийн статистикийн боловсролыг дээшлүүлэх, статистикийн мэдээ, мэдээллийг хэрэглэх хүрээг нэмэгдүүлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх гээд томоохон зорилтуудыг өмнө тавьж хэрэгжүүлэх арга замыг зөвлөлдөж тодорхойлжээ.

Н.Батаа

Shuud.mn
Сонин хачин