Н.Эрдэнэбаяр: Идэвхтэн донорууд нийтийн тээврээр үнэгүй зорчдог
2013-08-23

  Өнөөдөр “Үндэсний өгөх өдөр”. Энэ жилийн өгөх өдрийг улсын хэмжээнд цусаа өгөх өдөр болгон анх удаагаа тэмдэглэн өнгөрүүлж байна. Үүний хүрээнд орон даяар үйл ажиллагаагаа явуулдаг  цус цуглуулах 26 салбар дээр уг үйл ажиллагаа болж байгаа. Энэ үеэр “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяраас цусны нөөц болон донорын тухай тодрууллаа. .  - Одоогийн байдлаар цусны нөөц хэр хангалттай байна? - Бүхэл цуснаас илүү цусан бүтээгдэхүүнд анхаарах хэрэгтэй юм. Цус, цусан бүтээгдэхүүний хувьд 3-5 хоног, 10, 21, 45 хоногийн хугацаанд хадгалалт даах гээд ялгаатай байдаг. Заримыг нь жилээс ч илүү хадгалж болдог. Хадгалах хугацаа богинотой бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн тулд өдөр бүр цус цуглуулах шаардлагатай. Одоогийн байдлаар тайван үеийн нөөц 7-10 хоног хэрэглэхээр байгаа. Гамшгийн үеийн нөөцийг бүрдүүлэхэд анхаардаг ч одоохондоо хүндрэлтэй асуудал байсаар байна. . - Донорын тоо хангалттай хэмжээнд байж чаддаг уу. Өдөрт дунджаар хэдэн хүн цусаа өгч байна вэ? - Олон улстай харьцуулахад донорын тоо цөөн. Тухайн орны хүн амын 1,5 хувь нь цусаа өгвөл хэрэгцээгээ хангадаг. Харин манайх 0,8 хувьтай байна. Ерөнхийдөө өдөрт 80-100 хүнээс цус цуглуулахад өдөр тутмын хэрэгцээ хангагдана гэж үздэг. Гэхдээ өдөрт цусаа өгөх хүний тоо янз бүр. Зарим өдөр 200-300 хүрэх тохиолдол ч бий. . - Танай явуулын цус цуглуулах баг ажилладаг гэсэн. Энэ талаар? - Тийм, ажлын таван өдөр аж ахуй нэгж байгууллагуудаар явдаг. Гэхдээ 60-аас  дээш хүн цусаа бэлэглэх боломжтой газруудад очдог. Мөн нэг жилийн өмнөөс завгүй хүмүүст зориулж сарын бүрийн хоёр дахь долоо хоногийн хагас сайн өдөр ажилладаг болсон.   - Донорын тоог нэмэгдүүлэхийн тулд ямар бодлого баримталж байна? - Донорын эгнээг өргөжүүлэх үндэсний хөтөлбөр санаачилж гурван шатны хэлэлцүүлэг хийсэн. Засгийн газраар баталгаажуулж чадвал хэрэгжих боломжтой. Үүнд донор байхын давуу талуудыг хүмүүст сурталчилах, доноруудад олгодог урамшууллын тоог нэмэх болон тэднийг нийгэм, байгууллага хамт олонд нь алдаршуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлэх, байгууллагаараа донор бол татварын хөнгөлөлт үзүүлэх гэх мэт тодорхой хөтөлбөрүүд байгаа. . - Одоогийн байдлаар хэрэгжээд явж байгаа зүйл байна уу? - Байгаа, Өнгөрсөн хавраас Нийслэлийн Засаг даргын тамгын газар, ИТХ-тай хамтарч тогтмол цусаа өгч байгаа доноруудаа Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврээр үнэгүй зорчуулж эхлээд байна. Мөн ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс ХАХНХЯамтай хамтран 35 удаа цусаа өгсөн доноруудаа магадлан итгэмжлэгдсэн амралтад нэг удаа үнэ төлбөргүй амруулах журам батлагдсан. . - Шинэ байртай болж байгаа гэсэн. Цаашдын үйл ажиллагааныхаа талаар? - Улсын төв II эмнэлгийн хашаанд газар хөдлөлтийн 8-9 баллд тэсвэртэй дөрвөн давхар барилгын шавийг өнгөрсөн сард тавьсан. Ирэх оны 12 дугаар сард ашиглалтад орох төлөвлөгөөтэй. Энд донорт үйлчлэх, сургалт сурталчилгаа явуулах, цус цусан бүтээгдээхүүнийг шинжлэх, үйлдвэрлэх зэрэг нэг цэгийн үйлчилгээ бий болох юм. Бид 2018 онд Олон улсын магадлан итгэмжлэл авахаар ажиллаж байна.    . Д.Будхүү
Shuud.mn
Сонин хачин