“Эрхэм гишүүн ээ, нэг асуулт байна”
2013-09-13

Өнөөдөр байнгын  ажиллагаатай парламент байгуулагдсан өдөр. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа явуулаад 23 дахь жилтэйгээ золгож байна. 1990-ээд оны эхээр Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгал иргэдийн хувийн эрх, эрх чөлөөг баталгаажуулж, улс төрийн системийн ардчилсан тогтолцоо, өмчийн олон хэлбэр, зах зээлийн эдийн засгийг бий болгожээ.

6

Цаг тооллоор нь авч үзвэл  1990-1992 оны үе нь  Монгол Улсын хувьд нийгмийн байгуулал, улс төрийн тогтолцоо, эдийн засгийн төдийгүй Үндсэн хуулийн шилжилтийн үе байсан байна. Энэ шилжилтийн үеийн парламентат ёсны тогтолцоонд АИХ-аас байгуулагдсан, АИХ-д үйл ажиллагаагаа тайлагнадаг Улсын Бага Хурал онцгой байр эзэлдэг байна. 1990 оны зургадугаар сард Монгол Улсад анх удаа олон намын оролцоотой анхны чөлөөт ардчилсан сонгууль болж, АИХ-ыг  шинэчлэн байгуулж, улмаар тухайн оныхоо есдүгээр сарын 13-нд УБХ-ын  анхдугаар чуулган үйл ажиллагаагаа эхлүүлснээр Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент хэмээх төрийн байгууллын шинэ тогтолцоо бүрэлдэж эхэлсэн байна.  АИХ-ын  депутатуудаас сонгогдсон 50 гишүүнтэй УБХ нь Монгол Улсын төр, эдийн засаг, нийгмийн байгууллыг шинэтгэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх түүхэн үүрэг хүлээж байжээ.  УБХ-ыг Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн байгууллыг шинэтгэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх талаар түүхэн гавъяа байгуулсан парламент гэдэг.  Энэ парламент  Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулан батлуулсан. УБХ-аас боловсруулж АИХ-ын  чуулганд оруулан хэлэлцүүлсэн Монгол Улсын шинэ Үндсэн хууль 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр батлагдсан юм. Ингэснээр  нийгмийн бүх хүрээнд ардчилсан зарчмыг тууштай хэрэгжүүлэх эрх зүйн харилцааны тулгуур эхлэл тавигдсан. Тухайлбал, улс төрийн харилцааны хувьд олон намын тогтолцоог баталгаажуулсан ардчилсан дэглэмд шилжсэн. Иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эрх тэгш байдлыг хүлээн зөвшөөрч, түүний баталгааг хангах үүргийг төр хариуцах болсон.    Эдийн засгийн харилцааны хувьд нийтийн өмчид суурилсан аж ахуйн социалист тогтолцоо дангаар ноёрхож байсныг халж, олон хэвшилт эдийн засагтай болох харилцааг хуульчлан баталгаажуулсан билээ. Шударга өрсөлдөөнд үндэслэсэн зах зээлийн эдийн засгийн харилцааг тогтоож, түүнд төрийн оролцоог хязгаарлаж өгсөн. Хувийн ба нийтийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, төрийн өмчийг задлан хувьчлах, иргэд хувийн аж ахуй эрхлэх эрх зүйн үндсийг тогтоож, банк, гааль, албан татварын зэрэг хуулиудыг шинэчлэн баталжээ.

 6

УБХ-ын даргаар одоогийн УИХ-ын гишүүн Р.Гончигдорж  сонгогдож байсан бол эдүгээгийн УИХ-ын дэд дарга Л.Цог тухайн үеийн Хуульзүйн байнгын хороог ахалж байжээ.  Өнөөдрийн парламентын гишүүдээс  бага хурлаас нь эхлээд тасралгүй өнөөдрийг хүртэл сонгогдон ирсэн цорын ганц гишүүн бол Д.Лүндээжанцан.  Тэрбээр өнгөрсөн хугацаанд үе үеийн парламентад сонгогдон ажиллах хугацаандаа  УИХ-ын дарга хүртэл албыг хашиж байлаа.

6

Бага хурлын гишүүд  УИХ-ын гишүүний дэг журмаас эхэлж хуулиа баталж байсан гэдэг. Тухайлбал, гишүүд хуралдааны танхимд  бие биендээ асуулт тавихдаа хэн гэж дуудах вэ? хэмээн хэлэлцээд “Эрхэм гишүүн ээ”  хэмээн дуудаж байхаар горим  тогтоож байжээ. Харин өнөөдрийн гишүүд анхны парламентынхны баталсан журмыг зөрчин, чуулганы танхимд бие биендээ хүндэтгэлгүй хандаж байгаад сэтгэл дундуур явдгаа бага хурлын гишүүдийн хэлж байсан. Төрийн ажил бол сонгогдсон гишүүд бие биедээ хүндэтгэлтэй хандахаас эхэлдэг юм шүү гэж тэд захиж байна лээ.

6

УБХ-ын  удирдлага буюу дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга нь намын суудалгүй, шууд Ардын Их Хурлаас нэр дэвшүүлэн сонгогдсон. Харин 50 гишүүний тухайд сонгогчдын 5, түүнээс дээш хувийн санал авсан намд Бага Хурлын гишүүний мандат буюу суудал хувь тэнцүүлэн хуваарилж (5 хувьд 1 мандат), намууд сонгуулиар авсан мандатынхаа тоогоор нэр дэвшүүлэн АИХ-аас сонгосон юм. УБХ-д МАХН 33, Монголын ардчилсан нам 13, Монголын социал-демократ нам 4, Монголын үндэсний дэвшлийн нам 3 суудал тус тус авч байсан нь түүхтэй.  Энэ хурал бүтцийн хувьд Төрийн байгуулалтын,  Хууль зүйн, Эдийн засгийн, Нийгмийн бодлогын, Эмэгтэйчүүд, хүүхэд, залуучуудын гэсэн таван Байнгын хороотой үйл ажиллагаагаа явуулж иржээ.

6

Бага хурал бүрэн эрхийнхээ хугацаанд нийт 27 хууль шинээр баталж, 19 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Мөн олон улсын 17 гэрээ, конвенцийг соёрхон баталж, 11 хууль хүчингүй болгосон байна.   Ийнхүү байнгын ажиллагаатай анхны парламент болох УБХ нь Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн дагуу сонгогдон 1992 оны долдугаар сарын 29-нд ажлаа эхэлсэн УИХ-д эрх мэдлээ шилжүүлэн өгснөөр үйл ажиллагаа нь дуусгавар болсон юм.

6

Монгол Улсын Үндсэн хуульд төрийн эрх барих дээд байгууллага-Улсын Их Хурал нь ард түмний сонголтоор дөрвөн жил тутамд шинэчлэгдэн байгуулагдна гэж заасан байдаг. УБХ-аас баталсан Үндсэн хуулийн заалт өнөөдөр ч хэрэгжсээр, эдүгээ зургаа дахь удаагийн сонгуулийн үр дүнд бий болсон УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж байна.

6

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин