“Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагаа” хэлэлцүүлэг болов
2013-11-01

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, Хууль зүйн яам хамтран НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр "Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд боллоо.

Хэлэлцүүлэгт Авилгатай тэмцэх газар, Улсын мөрдөн байцаах газар, Тагнуулын ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар, Хууль зүйн яам зэрэг байгууллагын нийт 100 гаруй төлөөлөл оролцсон байна.

Уулзалт хэлэлцүүлгийг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар нээж үг хэлж,  “Эрүү шүүлтээс ангид байх эрхийн төлөв байдал” сэдвээр Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж илтгэл тавьж, “Санамж бичиг”-ийн хүрээнд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, хүрсэн үр дүнгийн талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат, Улсын мөрдөн байцаах газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Батсүх, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга, хурандаа А.Бат-Эрдэнэ, УЕП-ын дэргэдэх Мөрдөн бамйцаах албаны дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн ахмад М.Бямбадорж, ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа П.Хосбаяр нар хийжээ.

Хүний эрхийн Үндэсний Комисс хүний халдашгүй дархан байх эрхийн ноцтой зөрчил болох эрүү шүүлтийг таслан зогсоох, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, цагдан хорих, эрүүлжүүлэх, баривчлах байр, хорих ангиудын нөхцлийг сайжруулахад дэмжлэг үзүүлж, хуулийн байгууллагын ажилтнуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд "Эрүү шүүлтийг таслан зогсоох нь” Санамж бичгийг ЦЕГ, УМБГ, ТЕГ, АТГ, УЕПГ, ШШГЕГ-тай 2008 онд байгуулан 5 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа юм байна.

 Тиймээс энэ удаагийн уулзалт хэлэлцүүлгээр Эрүү шүүлтээс ангид байх эрхийн төлөв байдалд анхаарал хандуулж, байгууллагууд "Санамж бичиг”-ийн хүрээнд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, хүрсэн үр дүнгийн талаар мэдээлэл солилцжээ.

Д.Цэцэг

 
Shuud.mn
Сонин хачин