Жохарын ээж дургүйцлээ илэрхийлэв
2015-04-10

 

Бостоны халдлагын сэжигтэн чечень гаралтай Жохар Цернаевын ээж Зубейдат Тангарагтны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Бостоны цагдаа нар миний нэг хүүг алж, нэг хүүг минь шоронд хийсэн. Би нэг л өдөр хоёр хүүгээсээ зэрэг хагацсан. Миний амьдрал ямар ч утга учиргүй болсон. Халдлагын сэжигтэн гээд Жохарт 30 гаруй хэрэг тулгасан. Ямар үндэслэлээр ийм олон хэрэг тулгаж байгаа юм бэ. Хүү минь энэ халдлагатай ямар ч хамааралгүй хэмээн мэдэгдэж буй ч шашин шүтлэгээс нь болж халдлагын буруутнаар нэрлэсэн. Ирэх долоо хоногт шүүхийн шийдвэр хүүгийн минь эсрэг гарвал би үхэх болно. Энэ бол сүрдүүлэг биш. Энэ ертөнцөд хоёр нүдгүй болсон хүнд амьдрах шаардлага байхгүй” гэж хэлжээ.

 

Сэтгүүлчид түүнээс “Таны том хүү Тамерлин Бостоны халдлагыг зохион байгуулсан нь илчлэгдсэн. Харин Жохар ахынхаа нөлөөнд автаж, халдлагад оролцсон хэмээн мэдэгдсэн” гэж асуухад “Хүү минь амиа алдахаасаа өмнө  “Америкчууд намайг үргэлж доромжилж, шашин шүтлэгийг минь гутааж байна” гэж ярьсан. Би хүүдээ итгэж байна. Миний хөвгүүд буруугүй” гэж хариулжээ.

 

Түүнийг шүүх хуралд оролцохыг хориглосон байна. Тэрбээр шүүх хурлыг нээлттэй явуулахын шаардаж, Ерөнхийлөгч Барак Обама болон Тэргүүн хатагтай Мишель Обамад захиа явуулжээ. Ах дүү Цернаев нарыг АНУ-ын армийнхан исламын шашинтай улсад дайралт, цэргийн ажиллагаа явуулж байгааг эсэргүүцэж, халдлага үйлдсэн хэмээн буруутгаж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин