“Оргил өөд” клуб ОБЕГ-тай хамтарна
2015-05-04

  Залуу үеийн  төрийн бус байгууллага, клуб нэгдлүүд, иргэдийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, байгал орчноо хайрлан хамгаалах үйлсэд өргөн хүрээгээр татан оролцуулахаар Онцгой байдлын ерөнхий газар, “Оргил өөд” клуб хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулжээ.

 

Ой хээрийн түймэр их хэмжээгээр гарч байгаагийн гол буруутан нь хувь хүний хариуцлага, болгоомжгүй үйлдэл болж байгаа учир иргэд дор бүрнээ дүгнэлт хийж, аюул гамшигаас урьдчилан сэргийлэх үйлсэд анхаарлаа хандуулж, чадах зүйлээрээ хувь нэмрээ оруулах шаардлагатай байгаа юм.

 

Тиймээс “Оргил өөд” клуб гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг олон нийтэд хүргэх, сонор сэрэмжийг нь дээшлүүлэх, энэ үйлсэд төрийн болон ТББ-уудын оролцоог нэмэгдүүлэх, идэвхжүүлэх зорилгоор “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх аян” өрнүүлэх санаачлага гаргасан аж.

 

Аяны хүрээнд хийх сарын ажлын төлөвлөгөөнд ОБЕГ-аас мэргэжил, арга зүйн дэмжлэг авах, иргэдийн ийм үүсгэл санаачлагыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлээд “Оргил өөд” клубтэй жилийн хугацаанд хамтран ажиллахаар болсон байна.

 

“Оргил өөд” клубын гишүүд энэ сарын 1-нээс ирэх зургаадугаар сарын 1-ний хооронд ОБЕГ-ын Аврах тусгай ангийн үйл ажиллагаатай танилцах, гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтад хамрагдах, олон нийтэд зориулан ОБЕГ-аас ажиллуулж байгаа цахим хуудсыг сурталчла аж.

 

Мөн уг хуудсанд аялагчдын бүртгэлийн системийг нэвтрүүлэх, байгалийн ногоон бүс рүү нэвтрэх гол цэгүүд дээр анхааруулга, сэрэмжлүүлэг бүхий мэдээллийн самбарууд байрлуулах, ОБЕГ-ын аврагчидтай хамтран алхалт хийж гишүүдэд урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтыг байгал орчинд нь хийх, сургалтын ажиллагааг нэвтрүүлэг болгон олон нийтэд хүргэх зэрэг ажлуудыг хийх болно.

 

“Оргил өөд” клуб “Гал түймрээс урьдчилан сэргийлэх аян”-ы хүрээнд хийх энэхүү сарын ажлаараа бусад байгууллага, хамт олныг энэ үйлсэд нэгдэн бодит хувь нэмэр оруулах давалгаанд нэгдэхийг төрийн болон ТББ-уудад уриалан дуудаж байгаа аж.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
zochin:
showchingyyd.
2015-05-04