Кадыровыг сүүлчийн найдвар гэв
2015-05-19

Бостоны халдлагын гол сэжигтэн Жохар Царнеавын ээж Зубиедат Царнеав өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ Бүгд Найрамдах Чечень улсын Ерөнхийлөгч Рамзан Кадыровоос тусламж хүссэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Кадыров хүүд минь туслаач. Манай гэр бүл исламын шашинтай. Та хилс хэргээр АНУ-д баригдаж, цаазын ял сонссон Жохарыг суллаач. Та бол манай гэр бүлийн сүүлчийн найдвар” гэж хэлсэн байна.

 

Ерөнхийлөгч Рамзан Кадыров хариу өгөөгүй байгаа бөгөөд өнгөрсөн 2013 оны есдүгээр сард Жохарыг суллахыг шаардсан билээ. Өнгөрсөн амралтын өдөр Бостон хотноо болсон тангарагтны шүүх Жохарыг Бостоны халдлагын буруутан хэмээж цаазаар авах ялаар шийтгэсэн юм. Жохар шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гээд “Би ахынхаа нөлөөнд автаж халдлагад оролцсон. Гэхдээ буруутан биш. Намайг дарамталж, шахсан. Би хохирогч, гомдолтой байна” гэж хэлжээ.

 

Бостоны халдлагаар гурван хүн амиа алдаж, 250 хүн шархтаж, 37 хүн хөдөлмөрийн чадвараа алдсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин