Далбаа хатгахгүй бол машин чинь асахгүй
2015-07-08

Төрийн далбааг минь Хятадад үйлдвэрлээд бидэнд бөөндөх гээд ч байх шиг. Чих дүнгэнэж нүд хонхроосоо мултарчихмаар цочмоор юмыг тоох ч үгүй л унших юм даа бид. Ингээд бичихээр өнөө Хятадууд гээд зүхээд эхлэнэ дээ. Хэн ч бай зах зээлд эрэлт хэрэглээ үүссэн бол тэрийг нь үйлдэрлэж зарж борлуулж таарна.

 

Тэр дундаа Хятадууд шиг манай зах зээл баяр найрын сезоныг судалчихсан улсад энэ бол байх л асуудал. Зүгээр төрийн далбаа, соёмбо тэмдэг зэрэг “онцгой” зүйлийг тусгай зөвшөөрөлгүйгээр гадаадад үйлдвэрлэхийг хаая. Хилээр оруулахгүй байх журам мөрдүүлмээр. Тэгвэл төрийн далбааг буруу хэмжээстэй, стандартгүй үйлдвэрлэдэг явдал цэгцэрч эхлэх байх. Нэгэнт хил гаалиар оруулахгүй барааны жагсаалтад оруулчихвал хэн Эрээнд манай далбааг үйлдвэрлээд шуудайлаад байх вэ дээ. Яаж ч бодсон манай улсын төрийн далбаа улсынхаа хилээр бөөний бараа болон орж ирж байгаа нь хүмүүст таатай санагдахгүй байгаа юм. Төрийн далбаагаа намируулан  давхихын наана хөөрөг зөрүүлэх хооронд ярих яриа, эргэцүүлэх бодох бодол бас байнаа.   

 

Их баяр наадам, сэтгэл хөдлөл дуусахаар бид  далбаагаа хаанаа залдаг вэ. Машиндаа намируулсан далбаагаа хоймороо өлгөөд байгаа айл тийм их биш байх. Дөрөв хоног салхинд намируулаад хийморь жавхаа орчихсон төрийн далбаагаа үүдэн тушаа шидэх ард түмэн бид биш. Арслантай авдрандаа л хийдэг болов уу гэсэн таамаг байна. Уул шугамандаа бол хадаг шиг хадгалаад дараа жилийн наадмаар дахиад л хийсгэж  баймаар санагдах юм. Одоо гадуур зарж байгаа Хятадад бөөндөөд хэвэлчихсэн далбаанууд гарын ая даахгүй. Юун дараа жилийн наадам болно л доо. Машинд хатгаад хөдлөхөд 30 км цагийн хурд даахгүй, гурав хонохгүй урагдаад дуусах далбаа зараад байна. Дотоодын зарим далбаа ч ялгаагүй. Хэтэрхий хэврэг. Чанартайхан материалаар стандарт номоор нь хийгээд үнэтэйхэн зармаар юм. Үнэхээр л машиндаа далбаагаа хийсгэж, улсаараа бахархах гээд байгаа бол нэг шил Чингис архины мөнгөө төрийн далбаандаа өгөхөд юунд гар татах. Наадам болохоор зайрмаг шиг элбэг болдог төрийн далбааг хяналтгүй худалдаалдагаа болих хэрэгтэй л гэх гээд байна.   

 

Хөнгөн үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн бол манайдаа хэдэн үйлдвэр төрийн далбаа оёдогийг мэдэхгүй гэдгээ хэлж  “ Ямар ч байсан төрийн далбаагаа бид дотооддоо үйлдвэрлэдэг “ гэдгийг багцаалж явдгаа хэлсэн байна лээ. Ер нь бол тэр нь оё, энэ нь боль гэж төр хутгалдах хэрэггүй л дээ. Материал даавуугаа зээлээр авдаг оёдлын хэдэн хүүхнүүдээ ялгаж дугаарлалтай биш. Авах гэсэн хүмүүс нь байна. Оёж л байг.

 

Наадмын уур амьсгал орж нийслэлд гэхэд 240-д мянган машин байгаа гэдэг. "Далбаагаа дээр нь хатгахгүй л машин чинь асахгүй шүү" гэж хошигнох шортох хоёрын завсар ятгах наймаачин ч байна. Нэгэнт төрийн далбаа наадмаар сайн гүйх бараа болсон тул олон хүн оёж үйлдвэрлэж таарна. Харин тэр стандарт хэмжээг нь сайн хэлээд өгнө биз. Харьяалах яамнаас юм уу холбогдох агентлаг газраас нь нарийн зөв хэмжээс стандартаар бэлдсэн төрийн далбаа хэвлэх хэвлэлийн эх ганц файл бэлдээд далбаа оёдог хэддээ өгчихсөн ч яахав дээ. Харин хэлээд дэмжээд байхад хэдэн “санж” даавуу хэмнэх гэж төрийн далбааг буруу далий оёж далбааг гутаагаад байвал хатуухан торгох хэрэгтэй дээ. Одоо цагт бараг бүх хувцас бараан дээр хаанахын хэн гэдэг ААН оёсон үйлдвэрлэсэн талаарх шошго, байдаг болсон. Ийм мэдээлэл төрийн далбаан дээр заавал дарагдсан байдаг болгочихвол буруу хэмжээст далбаа цөөрнө дөө. Тодорхой шошго дардасгүй далбааг худалдаж авахаа болчихьё л доо “Хятадынх” гэсэн санаа хавчуулаад  “шошго дардасгүй л бол Эрээнд оёсон хулхи далбаа гэж ойлгоорой” гээд анхааруулчихад л манайхан шууд зайгаа барьчихна даа.

 

Уурга хуйван дээгүүрээ хөндлөн харайгаад байдаггүй өвгөдийнхөө ёсыг санаж төрийн далбаагаа хаа хамаагүй хийсгээд байж болохгүй байх. Даяар Монголын ариун голомтоо тахин сахих адил далбаа юугаа мандуулахдаа бодох санах юм бий шүү  Наадамчид аа.   

 

Б.Хэгжүүн

 

 

Shuud.mn
Сонин хачин
po:
hui7n hudag.ru yvj bhdaa 1jil baahan zamaar unasan hugarsan toriin dalbaagaa tvvj avj bj bilee hairan sanagdaad ter jilees hoish ahij tiim dalbaa hatgahaa bolison do
2015-07-09
Soyombo:
Mongol ulsiin Turiin dalbaanii Soyombonii arga bileg buruu harsan, gal ni tegsh bus hemtei zereg aldaatai tug dalbaag bid oorsdoo avahgui, hereglehgui baihiig urialj baina.
2015-07-09
Sisi:
tiim shuu saihan bichij .
2015-07-09
Зочин:
зев санаа байна
2015-07-08
ЗОЧИН:
ЗӨВ ШҮҮ
2015-07-08