“Монголын тал нутаг” марафон гүйлтийн тэмцээн боллоо
2015-07-27

 

Эрүүл мэнд, урт удаан амьдрал нь идэвхтэй хөдөлгөөн, амьдралын зөв хэвшилээс үүдэлтэй билээ. Монгол орныг сурталчилан таниулж, эрүүл амьдралд уриалсан “Монголын тал нутаг” олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг Монголын хөнгөн атлетикийн холбоо /МХАХ/, Төв аймгийн засаг даргын тамгын газар, Японы марафон гүйлтийн нийгэмлэг хамтран 07-р сарын 26-ны өдөр “Өндөр дов” жуулчны баазын дэргэд зохион байгууллаа.

ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас олон нийтийн эрүүл мэнд идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, гадаад улсад Монгол орноо сурталчилан таниулах зорилгын хүрээнд уг марафоныг ивээн тэтгэж, хамтран ажиллалаа.

 

 

Монгол орны зах хязгааргүй тал нутгийн онцлог, байгалийн сайхныг харуулсан уг тэмцээн 19 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд 5 настай балчир хүүгээс 80 настай азай буурлууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Монголын болон гадаадын шилдэг тамирчид, Монгол улсад суугаа элчин Сайдын Яамд, дипломат төлөөлөгчид оролцож өргөн хүрээнд болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд БНСУ, БНХАУ, Япон, Америк зэрэг олон улсын 105 тамирчин, Монголын 269 тамирчин, Пара гүйлтийн 18 тамирчин хурд хүчээ сорьжээ.

 

“Монголын тал нутаг” олон улсын марафон гүйлтийн тэмцээн сонирхогчдийн 3км болон 5км, мэргэжлийн тамирчдын хагас марафоны 10 км болон 21 км гэсэн ангилалтайгаар бүх насныхныг хамарч, ангилал тус бүрт шилдэгүүдийг тодруулан шагнаж урамшуулсан юм. Хагас марафоны 2 ангилалын тэргүүн байрны тамирчдад хурдан удмын даага бэлэглэсэн нь уг тэмцээнийг үзэж сонирхсон олныг баясгасан онцлог бэлэг байлаа.

 

 

Ийнхүү хөнгөн атлетикийн спортыг хөгжүүлэх, ард олонд сурталчилах, ирээдүйн шилдэг тамирчдыг нээн илэрүүлэх, Монгол орны тал нутгийн онцлог баялаг сайхан байгалийг гадаадад  сурталчилах зэрэг олон талын ач холбогдолтойгоор “Монголын тал нутаг” олон улсын марафон гүйлтийн тэмцээн амжилттай зохин байгуулагдлаа.

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин