Ерөнхийлөгч ҮХЦ-ийн дүгнэлтэд биш УИХ-ын тогтоолд хориг тавьсан
2015-12-01

Хуульзүйн байнгын хорооны хурлаар ҮХЦ-ийн  2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай УИХ-ын  тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авсан юм.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Аймгуудын дунд давж заалдах шатны шүүх байгуулсан нь, Эрүү иргэний хэргийн шүүх гэж ялгасан нь, дүүрэг дундын шүүх байгуулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэрийг ҮХЦ гаргасан. Энэ шийдвэр цаашид их суудлын хуралдаанаар баталгаажина. Хоёр дахь удаагаа УИХ хүлээж авсан чинь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хориг тавьчихлаа. Ерөнхийлөгч тойруугаар шүүхийн шийдвэрт хориг тавьж байгаа юм. Энэ нь шүүх эрх мэдлийн ажилд хориг тавих нэрийдлээр Үндсэн хуулийн зөрчил гаргасан. Одоо мөрдөж байгаа хуульд Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчвөл огцруулна гэж заасан байдаг юм шүү.  Та нар зардал мөнгө их ярьдаг боллоо. Өмнө нь шүүхийн зохион байгуулалт хийгээд шүүхийн зардлыг гурав дахин нэмэгдүүлсэн шүү дээ. Давж заалдах шатны шүүхүүд чинь аймагт бүрт байсан юм. Байсан газрыг буцаагаад байгуулахад ямар ч зардал гарахгүй. Яагаад зардал нэмэгдүүлсэн бэ гэхээр эрүүгийн шүүх, иргэний шүүх гэж ялгаад тус бүрийг нь даргатай, тус бүрийг нь олон шүүгчтэй болгочихсон учраас зардал нэмэгдэж байгаа. Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн гэдгийгээ хүлээн зөвшөөрч байгаа юм байна гэж ойлгож болох уу? Хүлээн зөвшөөрч байгаа учраас мөнгө байхгүй гэж хориг тавиад байна уу гэсэнд

 

Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр:

-Эрүү, иргэний хувьд цэцийн дүгнэлт гарсан. Гэхдээ 2004 онд Захиргааны хэргийн шүүх байгуулаад 2005 оноос үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Улсын хэмжээнд ганцхан давж заалдах шатны шүүх байсан. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд энэ байдлыг нэг ч удаа Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц хэлээгүй. Эрүү иргэнээр дагнаад ирэхээр Үндсэн хууль зөрчөөд байдаг ойлгомжгүй асуудал байна. Гэтэл Үндсэн хууль  дээр эрүү иргэний дагнасан шүүх байгуулж болно гэдэг заалт байж байгаа. Хориг бол Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт дээр тавигдаагүй, УИХ-ын тогтоол дээр тавигдаж байгаа юм. УИХ-аар шүүхийн дүгнэлтийг баталсан учир эргэж хараач ээ гэдэг үндэслэлийг тавьж байгаа юм гэлээ.

 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд байгаа бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан. Энэ нь ҮХЦ-ийн  шийдвэрт огт хамаагүй.  УИХ-ын тогтоолтой холбоотой. УИХ энэ асуудлыг дахин хэлэлцээд ҮХЦ  их суудлын хурлаараа асуудлыг авч хэлэлцэх боломж байна гэсэн санаатай, ийм хориг тавьсан. Тиймээс Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн эсэхийг ярих нь зохимжгүй юм. Хоёрдугаарт шүүхийн зохион байгуулалттай холбоотой асуудал Үндсэн хууль зөрчсөн үү үгүй юу. Ийм зохион байгуулалтыг өргөн барьсан Ерөнхийлөгч өөрөө Үндсэн хууль зөрчиж байгаа юм шүү. Тиймээс адилхан Үндсэн хуулийн маргаантай гэж ойлгож болно хэмээн байр сууриа илэрхийллээ.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараагаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжих санал хураалт явуулав. Байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжлээ.

 

Дараагаар нь Эрүүгийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин