Монгол хүүхдүүд сансрын хиймэл дагуултай холбогдлоо
2015-12-08

Гэрэл зургийг MPA.MN

 

Шөнийн 00:39 цагт Монгол хүүхдүүд өөрсдийн бүтээсэн төхөөрөмжөөр Японы сансрын “Alos2” хиймэл дагуултай холбоо тогтоолоо. Рефлектор буюу долгион ойлгогч толь бүхий уг төхөөрөмжийг нийслэлийн лаборатори Нэгдүгээр дунд сургууль, ШУТИС-ийн харьяа Японы Коосэн загварын технологийн дээд сургууль, Техник технологийн дээд сургууль, Монгол Коосэн сургуулийн сурагч, оюутнууд  болон технологи дамжуулах төвүүд хамтран бүтээжээ. Энэхүү толь нь хиймэл дагуултай холбоо тогтооно. Үүний дараагаар газар дээрх оддын зургийг Японы хиймэл дагуулын сансрын камерт буулгаснаар үл үзэгдэх долгион нь бодитоор нүдэнд харагдах боломжтой болдог байна. Үр дүнд нь хиймэл дагуул, сансрын шинжлэх ухаан бидний амьдралд ойр байгааг харуулах ач холбогдолтой. Мөн ингэж хиймэл дагуултай холбоо тогтоосноор хүүхэд, залуусын ертөнцийг харах өнцөгт том өөрчлөлт авчирна гэж ШУТИС-ийн харъяа технологийн дээд сургуулийн захирал А.Ганбаяр хэлж байв.

 

2013 оны арванхоёрдугаар сард дэлхийн хиймэл дагуулыг Монголдоо бүтээх зорилгоор “Сансар дахь бидний мөрөөдөл” төслийг Ц.Нандинбаатар эхлүүлж байсан. Төслийн хүрээнд “Эх газрын одод” дэд төслийг хэрэгжүүлж хиймэл дагуулын суурь ойлголтыг хүүхэд, залуучуудад зааж, богино хугацааны сургалт явуулжээ. Сургалтаар олж авсан онол практикт тулгуурлан дээрх төхөөрөмжийг бүтээсэн аж. Ирэх оны дөрөвдүгээр сараас Японы “Jaxa” сансрын агентлагийн хиймэл дагуултай холбоо тогтоох удаан хугацааны төслийг эхлүүлэхээр болсон байна. Төслийн бэлтгэл ажил болгож, анхны туршилтыг ийнхүү хийж байгаа аж.

 

Г.Тэгшсүрэн

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гайхамшигтай
2015-12-08