Иракт гоо бүсгүй шалгаруулах тэмцээн боллоо
2015-12-21

Ирак улсад 1972 оноос хойш анх удаагаа гоо бүсгүй шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж, титмийн эзнээ тодруулсан тухай “www.suara.com” мэдээллээ. Уг тэмцээнд 18-25 насны 150 гоо бүсгүй титмийн төлөө өрсөлдсөн байна. Эцсийн шалгаруулалт энэ сарын 19-нд Багдад хотноо зохион байгуулагдсан аж. Титмийн эзнээр 20 настай Шайма Абдельрахман тодорчээ. Тэрбээр Киркук хотын иргэн юм.

 

Гоо бүсгүй болсон Шайма “Ирак улс урагшилж буйд туйлаас баяртай байна. Энэ тэмцээн олон улсын стандартын дагуу зохион байгуулагдсан. Шүүгчид болон олон нийт саналаа өгч, жинхэнэ ялагчийг тодруулсан. Би ирэх онд зохион байгуулагдах 66 дахь удаагийн Дэлхийн мисс тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох болно” гэж хэлжээ. Тэрбээр дайн болон хэт даврагчдаас болж боловсрол эзэмшиж чадахгүй байгаа сургуулийн насны хүүхдүүдэд туслах гэнэ. Энэ асуудлаар НҮБ-ын удирдлагуудтай ярилцахаар төлөвлөж буйгаа мөн мэдэгджээ.

 

Багдад хотноо 43 жилийн дараа миссийн тэмцээн зохион байгуулагдсан энэ аж. Тэмцээний эцсийн шатны шалгаруулалт явагдсан ордонг Иракийн тусгайгийнхан хамгаалсан байна. Учир нь Иракт эрхээ тогтоохыг санаархаж буй “Халифын вант улс” бүлэглэл гоо бүсгүйчүүдийг заналхийлээд байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин