“Морин хуур” наадам ирэх сард болно
2016-04-11

 

Морин хуур хөгжмөөр дамжуулан монголын соёл урлагийг дэлхий дахинд таниулан сурталчилах зорилгоор зохион байгуулдаг “Морин хуур” олон улсын наадам ирэх тавдугаар сард болно. Наадамд оролцох хүсэлтэй уран бүтээлчийг энэ сарын 21-ныг хүртэл бүртгэх юм байна.

 

“Морин хуур” олон улсын наадам 2008 оноос хойш  хоёр жил тутамд зохион байгуулагдаж ирсэн. Тав дахь удаагаа болох энэхүү наадамд Япон, АНУ, БНСУ, ХБНГУ, БНФУ, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Бурят, Халимаг Тувагийн морин хуурч, чуулга хамтлаг, эрдэмтэн судлаач оролцох аж.

 

Тавдугаар сарын 3-наас 7-ны өдрүүдэд үргэлжлэх олон улсын V наадмын үеэр хуур урлаачдын үзэсгэлэн, ллон улсын  хуурчдын тоглолт, эрдэм шинжилгээний бага хурал зэрэг олон арга хэмжээ болох юм байна. Наадамд оролцох хүсэлтэй уран бүтээлчдийн бүртгэл эхэлжээ.

 

Наадамд оролцогчдод тавигдах шаардлага:                                                        

  1. Нутгийн онцлогтой хуурын ая дан, татлагыг ур чадварын өндөр түвшинд өвлөн уламжлагч ардын авьяастан нас, хүйс харгалзахгүй оролцож болно.
  2. Наадам зохион байгуулах өдрүүдэд Улаанбаатар хотод байрлан наадмын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломжтой байх
  3. Өөрийн эзэмшсэн ур чадвар, уламжлалт тоглох арга барил, устаж үгүй болох гэж буй ховор содон хуурын татлага, ая данг түгээн дэлгэрүүлэх, бусадтай хуваалцах хүсэл сонирхолтой байх

 

Оролцох хүсэлтэй морин хуурч, ихэл хөгжимчид танилцуулга, холбоо барих хаягаа энэ сарын 21- ны дотор heritage@artscouncil.mn хаягаар илгээх боломжтой аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин