Камерон Диаз: Толинд харахаас айдаг болсон
2016-04-12

Жүжигчин Камерон Диаз “Women's Health”сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Хуримаа хийгээд нэлээн хугацаа өнгөрлөө. Айлын эзэгтэй, эхнэр байх ямар байна даа?

-Төсөөлж байснаас жоохон өөр байна. Гэхдээ муу биш. Өнгөрсөн хугацаанд миний амьдрал баяр, гуниг ээлжилдэг байсан. Харин хуримаа хийснээс хойш үргэлж баяртай байх болсон.

 

-Өөрөөсөө дүү залуутай суусан. Бенжи Мадден бол бүсгүйчүүдийн дунд тун алдартай. Энэ бүхэн танд дарамт болдог уу?

-Үгүй. Энэ залуу бол минийх. Өөр хэнийх ч биш. Бидний сэтгэл хөрөөгүй цагт аз жаргал үргэлжилсээр байх болно.

 

-Та хоёрын харилцааны манлайлагч хэн бэ. Гэрлэхэд хүргэсэн тэр зүйлийнхээ талаар сонирхуулаач. Та хоёрын харилцаа олон нийтээс тун нууцлаг байдаг шүү дээ?

-Аль аль нь оролцоотой байсан. Бид нэг нэгнээ их эртнээс таньдаг байсан. Надад таалагддаг байсан учир би эхэлж уулзах санал гаргаж байсан. Анхны уулзалтаас л энэ залууг алдах ёсгүй гэдгийг ойлгосон.

 

-Хуримаа бусдаас нууцлах ямар хэрэг байв. Олны анхаарлыг татахыг тийм ч их хүсээгүй гэж үү?

-Мэдэхгүй юм. Зүгээр л энгийн, үнэхээр энгийн байхыг хүссэн.

 

 

-Хэрвээ цаг хугацааны машин гэж байдаг байсан бол хэдэн насандаа очихыг хүсч байна?

-21 нас. Би энэ насан дээрээ “Маск” кинонд тоглож байлаа. Киноны дараа Жем Керритэй хэд хэдэн уулзаж байсан. Энэ залуутай дахин уулзах гэж бус зүгээр л ямар ч үрчлээгүй төрхөө харахыг хүсч байна. Би 21 настай байхдаа бусдаас илүү хөөрхөн байсан. Би тольдох дургүй болсон. Яагаад ч юм бэ өөрийнхөө өөрчлөлтөд бэлэн биш байна.

 

-Зарим бүсгүйчүүд толинд харахгүйгээр гадагшаа ч гарж чаддаггүй гэсэн?

-Мэдэхгүй ээ, өөрийнхөө өөг харах тийм ч сайхан биш. Би усанд ороод л салон руу явдаг болсон. Нүүрээ будсаны дараа л толинд харах болсон. Толинд харахаас айдаг болсон.

 

-Хөгшрөлт гэх үг зүгээр л таныг сэтгэл гутралд автуулж байгаа бус уу?

-Тийм байж магадгүй л юм. Гэхдээ би өөрийнхөө сэтгэл зүйг хэрхэн удирдахаа сайн мэддэг.

 

-Үрчлээнээс тийм их айж байгаа бол гоо сайхны хагалгаанд орох бодолгүй байна уу?

-Би өмнө нь хэлж байсан. Гоо сайхны хагалгаанд орохыг хүсэхгүй байна. Энэ надад тийм ч сонин биш. Мэдэхийг ч хүсэхгүй. Жаахан юм мэднэ л дээ. Миний бодлоор, мэс засал хэвийн сэтгэх боломжийг ч алдагдуулдаг байх. Толинд харахад огт өөр хүн зогсож байгаа юм чинь. Эрүүл мэндэд ч муу нөлөөтэй. Тэгээд 50 гараад ирэхээрээ хаягдсан тоглоом шиг болохоо тэд мэдэхгүй байгаа. Ажиглаад байхаар нэг мэс засал хийлгэчихдэг, тэр нь нөгөөд муугаар нөлөөлнө. Тэрнийгээ засна.

 

-Та 43 настай. Цаг хугацааны машин гэж байдаг бол 21 насандаа очихыг хүсдэг гэлээ. Гэхдээ та энэ хугацаанд тийм ч их өөрчлөгдөөгүй.

-Баярлалаа. Урмыг минь тэтгэсэн үг байна.

 

-Хүүхдийн тухай?

-Мэдэхгүй юм.

 

-Яагаад мэдэхгүй гэж. Хүүхэдтэй болохыг хүсэхгүй байгаа гэж үү?

-Хүсэхгүй байна гэж шууд хэлмээргүй байна. Гэхдээ яг одоо жирэмсэн болно гэж хэлж чадахгүй. 

 

-Таны нөхөр хүүхдийн тухай ямар бодолтой байгаа вэ?

-Надтай адилхан бодолтой гэж итгэж байна. Хэдий бид бурхны өмнө гэр бүл болохоо андгайлсан ч нэг бодолтой байна гэж амлаагүй. /инээв/ Тиймээ, нөхрөө хүүхдийн талаар ямар бодолтой байгааг сайн мэдэхгүй байна.

 

 

-Хэрвээ таны нөхөр хүүхэдтэй болохыг хүсвэл?

-Дэмжих болно.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин