Өмгөөлөгчид шүүхийн байранд ажлын өрөөтэй боллоо
2016-04-18

Монголын Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн хорооноос Шүүхийн ерөнхий зөвлөлтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр шүүхийн байранд өмгөөлөгчийн ажлын өрөөг бий болгон тохижуулахаар болсон билээ.

 

 

Энэ ажлын эхлэл болгож Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх дээр өмгөөлөгчийн өрөөг тохижуулж, нээлтийн ёслолын ажиллагааг өнөөдөр /2016.04.18/  зохион байгууллаа. Нээлтэд Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн  Эрүүгийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ё.Цогтзандан, Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн Д.Түвшинтамир, Өмгөөлөгчлийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Батзоригт болон хуульчдын төлөөлөл оролцсон юм.

 

Өмгөөлөгчийн өрөөнд хууль тогтоомж, компьютер, зурагт, интернэт /wifi/ байрлуулж өгснөөр өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад түлхэц болж байгаа төдийгүй шүүх хурал хүлээх зуураа бусад нээлттэй шүүх хурлуудыг онлайнаар үзэх боломжтой болж байна. Түүнчлэн өмгөөлөгчид шүүхийн байранд ажлын өрөөтэй болсноор шүүх хурлын бэлтгэлээ бүрэн хангах, хавтаст хэрэгтэй нухацтай танилцах, үйчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзах, шаардлагатай хууль тогтоомжоо интернэтээр үзэх, шүүх хуралдааны завсарлагаанаар тухлаг байх зэрэг олон давуу талтай. Учир нь өмгөөлөгчид шүүх дээр албан өрөөгүй байхдаа үйлчлүүлэгч болон мэтгэлцэгч талтай хамт коридорт зогсож байгаад шүүх хуралд ордог төдийгүй үйлчлүүлэгчтэйгээ машинд эсвэл гадаа уулздаг, хавтаст хэрэгтэйгээ танилцах гэж шүүхийн туслахуудын өрөөнд дугаарлах зэрэг хүндрэл үүсдэг байсан юм.

 

Иймд Монголын Хуульчдын холбооноос шүүхийн байранд өмгөөлөгчийн ажлын өрөө тохижуулах ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид бусад шүүхийн байранд өмгөөлөгчийн өрөө байгуулж, тохижуулахаар бэлтгэж холбогдох шүүхүүдтэй ярилцаж байна.

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
За энэ чинь харин хамгийн болохгүй ажил болжээ. Шүүгч өмгөөлөгч хоёр хэн хэнээсээ холхон байх хэрэгтэй шүү.
2016-04-19